Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Тайванийн иргэн Ван Чен Хун, манай улсын иргэн Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд 2018 оны аравдугаар сарын 2-нд Тагнуулын ажилтнууд гадаадын нэг иргэний түрээсэлдэг байранд нэгжлэг хийсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тухайн үедээ олны анхаарал татаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Манай улсад суурьшин тагнуул хийж байсан гэх Тайванийн иргэн Ван Чен Хун болон түүнд мэдээлэл дамжуулж байсан манай хоёр иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд хэлэлцээд Ван Чен Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэм буруутай гэж үзэн, Эрүүгийн хуулийн 19.10-1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оноосон юм.
Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4-2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жил хорих ял ногдуулсан. Д.Амгаланг албан тушаал, ажил үүргийн хувьд төрийн нууцыг мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажилласан, төрийн маш нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, 13 жил гурван сар хорих ял оноосон билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 24-нд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа