Онцгой байдлын Ерөнхий газраас Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай” тогтоолыг танилцууллаа.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай” гэжээ.