БНХАУ шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг бүртгэх аргачлалаа шинэчилснээр халдвар авсан хүний тоо 15 мянгаар нэмэгдэж, 60 мянга хүрлээ. Хубэй мужийн захиргаа халдвар авагсдын бүртгэлдээ эмнэлгийн үзлэгээр тогтоосон тохиолдлуудыг хамруулж эхлэхээ мэдэгдсэн байна.
Шинэ аргачлал нэвтрүүлснээр нас барсан хүний тоо нэг өдөрт 242 буюу өмнөх өдрүүдийнхээс бараг хоёр дахин өндөр тоогоор нэмэгдэж, 1355 хүрлээ. Халдвар авсан хүний тоо өдөр алгасалгүй өссөөр байгаа ч БНХАУ-ын эрх баригчид гадаадын эмч, мэргэжилтнүүдийг нэвтрүүлэхгүй хүлээлгэсэн хэвээр байна.
АНУ-ын эрүүл мэндийн салбарын мэргэжлийн баг халдварын голомтод очиж нөхцөл байдалтай танилцах хүсэлт гаргасан ч одоогоор хилээр нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй, хариу хүлээсээр байгаа аж. АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх төвийн удирдлага “Цаг агаар дулаарсан ч вирусийн халдварлах чадвар буурахгүй байж болзошгүй” гэж онцоллоо. Мөн “Энгийн ханиад томуу цаг агаар дулаарахад намждаг. Гэхдээ үүнд найдах нь болчимгүй үйлдэл” гэж тус байгууллагын удирдлага хэлж байсан юм.
“Одоогоор нас баралтын түвшин харьцангуй бага байгаа ч халдварын тархалт өсөхийн хирээр нас баралт ч дагаад нэмэгдэнэ” гэж Харвардын их сургуулийн халдвар өвчин тархалт судлаач Марк Липситч онцолжээ. “Мөн нас баралт нь хэт хоцролттой индикатор. Энэ төрлийн халдварт өвчний тохиолдолд анхлан халдвар авснаас хойш өвчтөн гурван долоо хоног орчмын дараа нас бардаг” гэж байв. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын дунд үеэс хойш халдвар авсан өвчтөнүүдийн нас баралт ойрын өдрүүдэд нэмэгдэх аюултай байна.
Халдвар цар тахлын хэмжээнд хүрч болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хамгийн эрсдэл багатай тивүүдийн нэг Европ ч бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэ пүрэв гарагт товлосон Европын Эрүүл мэндийн сайд нарын шуурхай хурлаар эрүүл мэндийн бүтээгдэхүүний хомсдол үүсэх, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон санхүүжилтийн хэрэгслүүдийг зөвлөх талаар ярилцах товтой байна. Мөн Европын Холбооны орнуудаас орогнол хүсэгчдийг нэвтрүүлэлгүй түр хориг тогтоож ч болзошгүй байна.
Б.Дашням
dashnyam.b@bloombergtvmongolia.com
1 comment
shinechlene ch geh shig hutsaj bgan shvv muu aalznuud nuuj bsnaa il bolgoh neg arga n dahiad shinechilj soliornoo