Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд:
– “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгов. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар боллоо.
– Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр дээрх үйлдвэрийг барих тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
– Улаанбаатарын дулааны III цахилгаан станцы суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийг хэрэгжүүлэх эсэх удирдамж авах болов.
– “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр төрийн зарим чиг үүргийг Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор гүйцэтгүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв.