Улсын Онцгой комиссийн “Шуурхай бүлэг” шинэ коронавирус 2019 nCoV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж, үүссэн нөхцөл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 06-07-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт болон Буянт-Ухаа боомтод ажиллалаа. Тус бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд багтсан.
Замын-Үүд боомт
Хилээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд 01.22-02.04 хооронд автозамаар нэвтэрсэн 6131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1787 зорчигчид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 5 өдөр 29 автобусаар 1780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд цаашид хязгаарлалтын хугацаанд хил дээрх байгууллага, баг бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой, бэлэн байдлын нөөц, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалийн 3-4 хоногийн нөөцтэй, тоног төхөөрөмж дутмаг, хуучирсан зэрэг асуудлууд байгаа аж. Боомтын шинэчлэлтэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна.
Гашуунсухайт боомт
Гашуунсухайт боомтын хувьд эрдэс баялгийн тээвэрлэлт нэвтэрдэг бөгөөд коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор тээвэрлэлт багасч өдөртөө дунджаар 110-120 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. Хил дээрх байгууллагын албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэл, ариутгах материалын нөөц дуусч байгаа, албан хаагчид уртасгасан цагаар, нэг ээлжийн хувцастай ажиллаж байгаа бөгөөд нэг термокамертай, зөөврийн дулаан хэмжигчээр ачааны автомашины жолооч нарыг хэмжиж байна. Тус боомттой хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн, хилээр дамжин халдварлаж болзошгүй, түүнчлэн тээвэрлэлт ердийн үеийнхээс 9-10 дахин буурсантай холбоотойгоор Ханбогд сумын эмнэлэг, “Цагаан хад” хөгжлийн гарц ТББ-ийн зүгээс эрдэс баялгийн тээвэрлэлтийг хязгаарлалтын хугацаа дуустал түр зогсоох саналыг гаргаж байв. Тус боомтын хувьд мөн шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ариутгалын пункт ажиллахгүй, тусгаарлах байр нь халаалт, цэвэр, бохир усгүй байна.
Шивээхүрэн боомт
Тус боомттой хиллэдэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт хэдийгээр өвчлөл гараагүй ч нүүрс тээвэрлэлт багасч өдөртөө 50-60 машин нэвтэрч байна. Бэлэн байдлын нөөц, хамгаалах хэрэгсэлийн хоёр хоногийн нөөцтэй, зориулалтын тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байна. Гурвантэс суманд нүүрс олборлолт хийдэг зарим компани ачилтаа зогсоон ажилчдаа амраагаад байгаа аж. Сумын Онцгой комиссийн зүгээс хэдийгээр хил залгаа аймагт өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч нүүрс тээвэрлэлт 9-10 дахин багассан, аймгийн төвөөс алслагдмал газар тул өвчлөл гарсан тохиолдолд өндөр эрсдэлтэй, боомт дээр тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байгаа бөгөөд сумын төв хүртэл 80 км зайтай, хүн ам олноор суурьшсан тул нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл түр зогсоох саналыг гаргаж байв.
Буянт-Ухаа боомт
Буянт-Ухаа боомтын хувьд олон улсын нислэгээр ирж буй зорчигчдод нарийвчилсан үзлэг хяналтыг хийж байгаа бөгөөд тусгаарлах байртай, бэлэн байдлын нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багассан байна. “Шуурхай бүлэг”-ийг ахалсан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хил дээр ажиллаж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг түр зогсоох санал болон боомт дээр ажиллах нөхцөл хүнд байгаа талаар Засгийн газарт танилцуулна гэв.
Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ариутгал халдваргүйтгэл, тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй, Шивээхүрэн боомт тусгаарлах байргүй байгаа хэдий ч хил дээрх хяналтыг өндөржүүлэх, асуумж тандалт, үзлэг, халдваргүйтгэлийг сайтар хийх, байгууллагууд нягт хамтран ажиллахыг хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн албан хаагчдад МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, бүх нөөц бололцоогоо дайчлан асуудлыг шийдвэрлэж байна. Иймд бид бүх бололцоо, хүчин чадлаараа, өндөр зохион байгуулалтад манлайлан ажиллаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатай гэдгийг тэрээр онцгойлон анхааруулав.
Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд боомт дах Хилийн Мэргэжлийн хяналтын албанд тус бүр 10 ширхэг иж бүрэн хамгаалах нэг удаагийн хувцас хэрэгсэл, 100 ширхэг бээлий, амны хаалт, химийн бодисоос хамгаалах маск зэргийг энэ үеэр хүлээлгэн өглөө.