Одоогоор Монгол орны хамгийн нам доор цэгийг Дорнод аймгийн Хөх нуур гэдэг газар хэмээн үзэж, ерөнхий боловсролын сургуулийн Газарзүйн сурах бичигт өгүүлж бид заалгасаар ирсэн. Уг газрыг Далайн түвшнээс дээш 560 м гэж үздэг. Тэгвэл энэ цэг өөрчлөгдөх нь ээ.
Учир нь эрдэмтэд Монгол орны нам дор цэгийг шинээр илрүүлжээ.
“Анх 2000 оны эхэн үед Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт их нам дор цэг байгааг ажигласан юм. Гэхдээ тэр үед бидний хэрэглэдэг багаж ч юу байлаа. Олон жил ярьж явсаар 2018 оны есдүгээр сард судлаачдын баг, байгаль хамгаалагчдын хамтаар хээрийн судалгаагаар ажилласан. Энэ үеэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн баруун хойно Монгол орны хамгийн нам дор цэгийг байршил тогтоогч багажны тусламжтайгаар шинээр нээн илрүүлсэн.
Цэнхэр номингийн говийн үргэлжлэл хэсэг улсын хил орчмын газар нутаг шүү дээ” хэмээн “Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүн амьтан судлаач Г.Довчиндорж энэ талаараа ярьжээ. Тэгвэл, нам дор газрыг шинэчлэн тогтоох нь ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуулт урган гарч байна.
Эрдэмтдийн илрүүлсэн цэг Монголын нам дор гэж үздэг цэгээс ч нам байжээ. Үүнийгээ сошиал орчинд сонирхуулах маягаар тавьсан аж. Тэгтэл маш олон хүн хандаж, та нар үүнийгээ албажуулаач гэжээ. Сайн яривал энэ шинжлэх ухааны нээлт ч байж болно гэж ярилцаад нарийн шалгаж үзсэн гэнэ. Оросуудын хийсэн газрын зураг дээр нягталтал аль хэдийнэ 540-546 гэсэн цэгүүдийг тэмдэглэсэн байсан аж. Харин шинээр илрүүлсэн цэг хамгийн багадаа 526 м зааж байв. Тиймээс албан ёсны болгох үүднээс Шинжлэх ухааны академийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийнхэнд хандсан нь ажил хэрэг болжээ.
Тус хүрээлэнгээс судлаач аваад, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд нэг баг болж 2019 оны тавдугаар сард тухайн газрыг хоёр янзаар хэмжсэн байна. Эхний арга бол Алтай сумын нутагт орших Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийх.
Хоёр дахь нь суурин GPS ашиглан хиймэл дагуулын тусламжтайгаар хэмжиж баталгаажуулсны эцэст тухайн цэг 526 м гэдэг нь батлагджээ. Үүнийг ШУА–ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнд эрдмийн зөвлөлийн хурлаар оруулаад, албажуулсан бөгөөд одоо ч албажуулах шат үргэлжилж байгаа гэдгийг судлаач хэллээ.
Энэхүү албажуулах үйл явц дуусвал дунд сургуулийн сурах бичигт орох мэдээлэл солигдох юм байна. Монгол орны хамгийн нам дор цэг бол баруун өмнө зүгт цэнхэр номингийн говьд ажээ. Яг тухайлсан цэг бол улсын тусгай хамгаалалттай газар нутагт, малчид олон жил нутаглаагүй учраас нэргүй газар байж таарч. Хойд, урд сайрын эх гэсэн ерөнхий нэртэй. Судлаачид тухайлсан газартаа цэг хатгаад, “Сарны хонхор” гэж нэрлээд байна.