Японы Йокохама хотын боомтод хүрэлцэн ирсэн аялалын “Diamond Princess” хөлөг онгоцыг боомт дээр саатуулан, хөл хорио тогтоожээ. 3700 хүн тээвэрлэсэн хөлөг онгоц Даваа гарагт боомтод ирэхэд коронавирусийн халдвар тарсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хөл хорио тогтоожээ.
Тус хөлгөөр аялаад өнгөрсөн сард Хонг Конгт бууж үлдсэн хүнээс шинэ вирусын халдвар илэрсэн тул Хонг Конгийн эрх баригчид Японы талд мэдэгдсэн тул “Diamond Princess” хөлөг дээр энэхүү арга хэмжээг авчээ.
Японы албаныхан хөлгийн зорчигчдыг буулгаагүй байгаа бөгөөд үзлэг шинжилгээ хийж эхэлжээ. Өнөөдөр Японы Эрүүл мэндийн яам дөнгөж эхний 273 хүнийг шалгахад зорчигчдын дотор коронавирусийн халдвартай 10 хүн байгааг илрүүлсэн гэж мэдээллээ.
Хөлөг онгоцонд зорчигчид болон хөлгийн багийн 3700 хүн бий. Цаг хэмнэх үүднээс зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эхний ээлжинд үзлэгт хамруулж байгаа аж. “Diamond Princess” аяллын хөлөг нь Британи-Америкийн оператор компанийн Япон дахь салбарын эзэмшилд байдаг аж.
Хөлөг Йокохама хотоос хөдөлсний дараа Кобе хотын боомтод зогсох хуваарьтай байсан нь коронавирусийн асуудлаас болоод цуцалсан байна. Сүүлийн байдлаар Японд шинэ коронавирусийн халдвартай 20 хүн бүртгэгдээд байгаагийн 17 нь өвчний голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн байжээ.
Эх сурвалж: BBC