Санаа бодлоо зөв оновчтой, эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой илэрхийлэн бичих аргыг найруулга гэнэ. Энэ бол дэлхий нийтээр даган мөрддөг найруулга зүйн алтан дүрэм.
Аливаа найруулгыг үгийн сангийн байдлаас нь шалтгаалан эрхэмсэг буюу дээд найруулга, ерийн буюу дунд найруулга, доромж буюу доод, дорд найруулга гэж гурав ангилан авч үздэг.
1. Эрхэмсэг буюу дээд найруулга: Бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучирсан үг, шинэ үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг тансаг үг ашигласан найруулга багтдаг.
2. Ерийн буюу дунд найруулга: Энгийн хэл, найруулга.
3. Доромж буюу доод, дорд найруулга: Этгээд, завхай, бүдүүлэг үг хэрэглэсэн найруулгыг багтаадаг
Ижил нэг сэдэвтэй эхийг хүн бүр янз бүрээр бичсэн байдаг. Зарим нь тухайн зүйлийг тоочиж, аль эсвэл үйл явдлын өгүүлэмжээр хүүрнэн бас тайлбарлан бичсэн байхад зарим нь өөрийн үзэл бодол, байр сууринаас үнэлж дүгнэсэн, эргэцүүлэн бичсэн байдаг. Хүн хүний юмыг ойлгох ухаарах байдал өөр өөр байдагчлан бодол санаагаа хэлээрээ илэрхийлэх арга хэв маяг, найруулга, ур чадвар, авьяас нь өөр өөр байдаг. Ийм байдлаас үүдэн аливаа зохиомж болон эхийг найруулан бичих арга нь үндсэн дөрвөн хэв маягтай байдаг.
Найруулга зүйн шаардлага, хэм хэмжээ
Хүн бүрийн хэл яриа, бичсэн зүйл буюу найруулга өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Энэ нь бичигчийн боловсрол, мэдлэгийн хүрээ, мэргэжлийн онцлог зэргээс шалтгаалдаг. Сэтгүүлч хүн энгийн, ойлгомжтой бичих үндсэн үүрэгтэй учир түүний бичсэн зүйл найруулга зүйн ерөнхий шаардлагагыг заавал хангасан байх учиртай.
Үүний тулд сэтгүүлчид тухайн хэлний бүхий л хэрэглүүрийг оновчтой төгс ашиглах, соёлын энэхүү зэвсгийг иртэй хурц байлгах ёстой. Сэтгүүлчид бичиж буй асуудал, хандаж буй хэрэглэгч, ашиглаж буй бичлэгийн төрөл зүйлээсээ хамаараад хэлний ямар хэрэглүүрийг сонгож ашиглахаа шийдэх учиртай.
Францын эрдэмтэн найруулга зүйч Р.Жеоржин “Найруулгын нууцууд” номдоо: “Найруулах эрдмийн гол сүнс нь үг сонголт мөн…” гэсэн байдаг бөгөөд аливаа юмыг найруулан бичнэ гэдэг бол үг сонголтын асуудал гэж ойлгож болно. Үг сонголтыг зөв хийх нь чухал төдийгүй ганц үг, ганц авиа ч найруулгын өнгө аясыг тодорхойлж чаддаг гэж судлаачид үздэг.
Тэгвэл санаагаа оновчтой, ойлгомжтой илэрхийлэхийн тулд юунд анхаарах вэ?
Энэ талаар эрдэмтэн судлаачид дараах зүйлсийг зөвлөсөн байдаг.
Найруулга зүйч Р.Жеоржин найруулж сурахад эзэмших хамгийн чухал чанар бол:
-Өгүүлж байгаа зүйл тодорхой
-Үг хэллэг оновчтой
-Үгийн баялаг арвин
-Нуршсан зүйлгүй товчхон
-Өөрийн гэсэн арга барилтай
-Чамирхсан зүйлгүй, энгийн байх гэсэн байдаг.
Харин эрдэмтэн Г.Сүхбат нар Найруулгын шаардлагыг үзэхдээ:
А: Ерөнхий шаардлага
-Ойлгомжтой
-Үг сонголт сайтай оновчтой
-Товч хураангуй
-Гоо зүй хийгээд учир зүйд нийцсэн
Б: Тусгай шаардлага
-Сонирхолтой
-Яруу сайхан
-Нэгэн загвартай
-Зохиогчийн онцлог, арга барил туссан байхыг зөвлөжээ.
Ингэж хоёр хэсэгт хуваасны учир нь найруулгын бүх л төрөлд тохирч байх үндсэн ерөнхий шаардлага, түүнчлэн албан бичиг, сонин нийтлэл, уран зохиол, шинжлэх ухаан, ярианы зэрэг тусгайлсан, өөрийн гэсэн онцлог бүхий төрөл зүйлд тохирсон тусгай шаардлага байх ёстой гэж үзсэн явдал юм.
Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн хувьд ч ялгаагүй, эхний дөрвөн шаардлагыг бичлэгийн бүх төрөл зүйлд зайлшгүй хангаж ажиллах ёстой аж. Харин яруу тансаг, өөрийн гэсэн өнгө аястай бичих шаардлагыг дүрслэн харуулах, мэдрүүлэх зорилго бүхий сурвалжлага, хөрөг зэрэг төрөл зүйлд биелүүлэх нь чухал байна.
Найруулга зүйн үндсэн шаардлага, эх найруулгын дүрэм горимыг зөрчсний улмаас үүсэх үр дагавар нь найруулгын алдаа болдог.
Найруулга зүй номоос /2017/
1 comment
Дордын дорд гээч,