Нэр нь үл мэдэгдэх хакерууд “Walt Disney”компанийн дэлгэцнээ гарч амжаагүй нэгэн киног хулгайлан авснаа баталж, эргүүлж авъя гэвэл мөнгө төлөхийг шаарджээ. Энэ талаар тус студийн тэргүүн Боб Айгер ярьсан байна. Айгерын хэлснээр гэмт этгээдүүд тэднээс биткойноор асар их мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол хэсэгчлэн олны хүртээл болгосоор 20 минут хүртэлхийг нь үзүүлнэ гэж сүрдүүлжээ. Тэрбээр яг ямар киногоо алдсан тухай дэлгэрэнгүй яриагүй ч гэмт этгээдүүдийн хэлсэн мөнгийг төлөх бодолгүй байна хэмээжээ.
Америкийн “Deadline” хэвлэл эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн дамжуулахдаа “Карибын тэнгисийн дээрэмчин: Үхэгсэд үлгэр ярьдаггүй” хэмээх киног алдсан гэжээ. Төслийн дагуу энэ кино тавдугаар сарын 26-нд дэлгэцнээ гарах ёстой. Энэ бол дэлхийн кино прокатнаас 3.7 тэрбум ам.доллар цуглуулж чадсан цуврал киноны тав дахь нь юм. Өөр нэгэн хувилбараар бол энэ нь Pixar студийн “Car 3”хүүхэлдэйн кино байж болзошгүй гэнэ. Уг кино ирэх сарын 16-нд кинотеатруудаар гарах юм. Хүүхэлдэйн киноны өмнөх хоёр анги кино бүтээгчдэдээ тэрбум гаруй ам.долларын ашиг авчирсан байна.
Э.ЗАЯА