Өндөр настнуудын тэтгэврийг өчигдөр олгов. Улс даяар онц байдал зарласантай холбоотойгоор ахмадууд банкуудын гадна цугларч, дараалал үүсгэхгүй байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас уг нь анхааруулсан юм.
Засгийн газар өнгөрсөн сарын 22-нд цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500 000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 30.000-аар нэмэх болсон. Харин 500 000-аас дээш төгрөгийн тэтгэврийг 25 000-аар нэмэхээр шийдвэрлэсэн юм. Уг нэмэгдлийг иргэдэд өчигдрөөс олгосон.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу өнгөрсөн сарын 10-нд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийг УИХ баталсан.
Уг хуулийг хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй ч зээлтэй ахмадуудын тэтгэврийг өчигдөр бүрэн олголоо. Түүнчлэн өнгөрсөн сард зээлд суутгуулсан мөнгийг нь ч нөхөн олгов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр бол Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэхээр болсон байна. Энэ нь одоогоор ажил хэрэг болоогүй ч арилжааны банкууд болон Монголбанк харилцан ойлголцож, шийдвэрлэсэн тул ахмадуудын тэтгэврээс зээлийг суутгалгүй, бүрнээр нь олгосон байна.
Энэ ташрамд иргэдэд дурдахад, тэтгэвэр барьцаалсан зээлийг зургаагаас ихгүй сараар олгохоор хуульчилсан. Зээл олгох журмыг нарийвчлан батлахаар холбогдох байгууллагынхан ажиллаж буй бөгөөд Цагаан сараас өмнө эцэслэхээр төлөвлөжээ.