Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудыг архи, согтууруулах ундааны хэрэглээгээр нь жагсаахад Монгол Улс эхний тавд орж, архидалт гамшгийн түвшинд хүрсэн хэмээн дэлхийн газрын зураг дээр улаан өнгөөр тэмдэглэжээ. Архидалт нь монгол хүний нас баралтын гурав дахь шалтгаан болж буй. Эмч нар монгол хүний архи шингээх чадвар европ хүнийхээс гурав дахин бага гэж мэдээлдэг. Өнөөдөр Монголд нэг хүнд 9.2 литр архи ногдож байгаа нь дэлхийн дунджаас давсан тоо ажээ.
Архидалт монгол хүний авир араншинг генийн түвшинд өөрчилж байж болзошгүй. Иймд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүрч буй архидалтын эсрэг төр, засгаас авч буй арга хэмжээ бараг байхгүй байгааг эрдэмтэн судлаачид анхааруулж буй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий дээр нэг жилд гурван сая, нэг минутад 6 хүн нас барж байгааг мэдээлсэн байна. Тэдгээр хүмүүсийн дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй ажээ.
Монгол Улсад өнгөрсөн 2019 онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 4371 болж, өмнөх оноос 1082 (32.9 хувь)-оор нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ төрлийн гэмт хэрэг мөн буурахгүй байгаа аж. Шинэ оны гарснаас хойш архидан согтуурсны улмаас хүний амь хохирсон цөөнгүй хэрэг гарчээ. Тухайлбал,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гаалийн ажилтан бусадтай нийлэн хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Замын-Үүдийн гаалийн байгууллагад инженер ажилтай Б (52 настай), гаалийн байцаагчаар ажиллаж байсан Г (57 настай) нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С (52 настай)-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн байна.
Талийгаач С нь ганзагын наймаа хийдэг нэгэн бөгөөд хэрэг гарахаас өмнө Улаанбаатараас Замын-Үүд суманд очоод байжээ. Тэд иргэн Г-гийн гэрт архидан согтуурсан бөгөөд зэвсгийн чанартай эд зүйлээр иргэн С-ийн толгойн тус газарт хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, иргэн Г нь урд нь Замын-Үүдийн гаалийн байгууллагад улсын байцаагчаар ажиллаж байсан, эрүүгийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж.
Хүн амины хэрэг гарсан дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүнийг иргэн Г-гийнд очиход талийгаачийн нүүр царай танигдахын аргагүй болсон байжээ.
Өдгөө сэжигтэн Б, Г нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.01 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Дорноговь аймгийн урьдчилан цагдан хорих төвд 30 хоногоор саатуулан шалгаж буй юм байна. Хохирогч С-ийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг (2020.01.31)-т хөдөөлүүлсэн бөгөөд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ хэргийн талаар өчигдөр (2020.02.03) Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүртэй холбогдож тодруулахад “Ташаа мэдээлэл, тийм хэрэг бүртгэгдээгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.01 (хүнийг алах) дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт: “Хүнийг бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Б.ЖАРГАЛ
1 comment
Amidaar ni nyxend bulj xoroo.