Элбэг хангалуун амьдралтай хүмүүсийн эрүүл саруул амьдрал ядуу давхаргынхныг бодвол дунджаар 9 жилээр урт байдаг гэж Британи, Америкийн эрдэмтдийн хамтарсан судалгаанд тэмдэглэжээ.
АНУ, Британийн эрдэмтэд бие биеэсээ үл хамааралтайгаар иргэдийнхээ эд баялаг, эрүүл мэнд, наслалтыг нь судалжээ. Тэгтэл хоёр талын судалгааны үр дүн ижил гарч, 50 наснаас хойш хамгийн баян эрчүүд “эрүүл саруул” 31 жилийг өнгөрөөдөг болох нь тогтоогджээ. Их Британид ч тэр, АНУ-д ч мөн ялгаагүй ядуу давхаргынхан 50 наснаас хойш “эрүүл саруул” үлдсэн амьдрал нь 9 жилээр бага буюу 22-23 жил байсан гэнэ.
Хоёр улсын баян бүлгийн эмэгтэйчүүд 50 наснаас хойш дунджаар 33 жил “эрүүл саруул” аж төрж байсан бол Британи, АНУ-ын хүн амын ядуу бүлгийн эмэгтэйчүүд 24,6, мөн 24 жил байсан нь мөн л 9 жилээр бага гэсэн үг юм.
“Эрүүл саруул урт удаан амьдралд нөлөөлөх нийгэм, эдийн засгийн хамгийн хүчтэй хүчин зүйлс нь энэ хоёр улсад, бүхий л насны ангилалд баялаг болох нь илэрсэн” гэж тэд мэдэгдэж байна. Копенгагены их сургуулийн эрдэмтдийн явуулсан өөр нэгэн судалгаагаар ядуурал нь хөгшрөлтийг түргэтгэдэг байна. Тухайлбал, ядуу хоосон амьдарснаар түгшүүр нэмэгдэж, бие махбодод үрэвсэл үүсч эхэлдэг аж.