Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэтсийн дарга, дэд хурандаа Эрдэнэбилэг мэдээлэл хийв.
Тэрбээр “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэргийн хохирогч, өмгөөлөгч Ж.Батхуягаас 2020 оны 01 сарын 22-ны өдөр мэдээлэл хийснийг та бүхэн мэдэж байгаа. Мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны баримт мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулж, зарим бас бодит бус мэдээллийг тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан.
Тэрээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, фолиграппын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж зэрэг мэдээ мэдээллийг Прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан үйлдэл болсон.
Цагдаагийн байгууллагаас дээрх үйлд явдалтай холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21,9 буюу “Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах” зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Нөгөө талаараа Хохирогчийн ар гэрээс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 13 секундын бичлэгийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож ар гэрийнхнээс нь хууран мэхэлж 15 сая төгрөгийг авсныг 2019 оны 5-р сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Г дээрхээс гадна нийт 6 үйлдлээр 269 101 575 төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн байгаа” гэлээ.
Н.БАТАА