Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв өнөөдрөөс эхлэн эмчилгээний дугаарыг цахимаар олгодог боллоо. Үйлчлүүлэгчдийн удаа дараагийн хүсэлтээр эмчилгээний дугаарыг цахимаар олгохоор шийдвэрлэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар тус газраас мэдэгдэл гаргасан байна.
Цахимаар бүртгүүлэхийн тулд http://dentalcenter.mn/ хаягаар нэвтрэн орж “ИРГЭН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ” цэсрүү орж бүртгэлээ хийж баталгаажуулна. Пин кодоо дөрвөн оронтой тоо өгч авна “ЦАГ ТОВЛОЛТ” цэсрүү орж шүдний эмчилгээний өдөр, цаг, эмчээ сонгон өөрийн боломжтой цагаа авах юм байна.
Цаг авсан үйлчлүүлэгч товлолт цагаас 10-20 минутын өмнө ирж сонгосон үзлэгийн өрөөндөө мэдэгдэн, тусламж үйлчилгээг авах бөгөөд иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээтэй ирэх ёстой. НШЭНТ нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилдэг бөгөөд шүдээ эмчлүүлэх болон авахуулахад хоёр удаа, шүдний зураг авахуулахад сард нэг удаа тус тус хөнгөлөгдөх боломжтой. Сард хоёроос дээш удаа нэг тасагт үйлчлүүлэх бол төлбөрт үйлчилгээнд хамрагдаж болно.
НШЭНТ-ийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд СС, ЭМС, НХХС-ын хамтарсан 2017 оны 264/А/293 дугаар тушаалыг үндэслэн тусламж үйлчилгээний оношийн кодоос хамааран зөрүү төлбөр авах бөгөөд шүд авахуулах, хиймэл шүдэлбэр хийлгэх, урьдчилан сэргийлэх кабинетаас зөвлөгөө авах үйлчлүүлэгч касс ресепшнд бүртгэлээ хийлгэн тухайн өдрөө тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд авах боломжтой юм байна.
Нүүр амны гажиг заслын зөвлөгөөг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлж зогсоосон бөгөөд тус төвөөр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, гадуур хувцсаа өлгүүлж, улавч өмсөн, 1, 4, 5-р давхруудад байрлах ариун цэврийн өрөөнд гараа угааж, давхар бүрт байршуулсан гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлж үйлчлүүлэхийг зөвлөжээ.
1 comment
бүртгүүлэх гэхээр болохгүй юм даа настай интернетгүй иргэд хэцүү л юм байна