Канберра хотын өмнөд хэсэгт өргөн хүрээг хамарсан ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт /ACT/ онцгой байдал зарлажээ. Уг бүс нутагт 2003 оноос хойш ойн түймрийн томоохон аюул нүүрлээгүй юм.
Канберра хотоос холгүй оршдог “Namadgi” цэцэрлэгт хүрээлэнд батлан хамгаалахын нисдэг тэрэгнээс үүдэн энэ долоо хоногийн эхээр дэгдсэн ойн түймэр 10 мянга гаруй га талбайг хамарчээ. Хамрах хүрээ нь цаг тутам 400 га талбайгаар нэмэгдэж буй уг түймэр олон долоо хоногийн турш дэгдэж болзошгүй байгаа аж.
Мөн Канберра хотод баасан, бямба гарагт агаарын температур Цельсийн 40 хэм давах төлөвтэй байна гэж Цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрийн эрх баригчид сонор сэрэмжтэй байж, нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг Канберра хотын захын оршин суугчдад анхааруулсан байна.
Австралийн Батлан хамгаалах яам уг түймэр нисдэг тэрэгний буух зурвасын гэрлээс ялгарсан дулаанаас үүдэн гарсныг мягмар гарагт хүлээн зөвшөөрөөд, ажилтнуудынхаа ажиллагааны улмаас гал түймэр гарсан явдалд харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн нисдэг тэрэгнээс болж дахин гал түймэр гарах эрсдлийг бууруулах зорилгоор цаг агаарын хүнд нөхцөлд буух зурвасын гэрэлтүүлгийг ашиглахгүй байхыг үүрэг болгожээ.
Эх сурвалж : Монцамэ