Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдад болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд аймаг, Нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тодорхой удирдамжийн дагуу шалган туслах, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоосон байсан.
Зөвлөмжид хэм хэмжээний актыг хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд тогтоож байх, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлох, эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ татвар болон бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг бий болгох, өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг бусад руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж эцсийн хариуг өгдөг байх, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн өмч, хөрөнгө, төсөв, мөнгө, хүн хүчийг улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.
Зөвлөмжийг бүрэн эхээр эндээс уншина уу