Засгийн газар энэ сарын 6-ны ээлжит бус хуралдаанаараа Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасан.
Тус алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байлаа.
Байгуулагдаад удаагүй Экологийн цагдаагийн албаныхан байгаль экологид хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцээд эхэлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан ойн цэвэрлэгээ хийж буй газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэд ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон мод сүйтгэж байсныг илрүүлжээ.