Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2020.01.27/ болж, хуралдаанд Төв цэвэрлэх байгууламжийн лаг үнэргүйжүүлэх ажлын явц болон тулгамдаж байгаа зарим асуудлуудын талаар хэлэлцлээ.
Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Төв цэвэрлэх байгууламж, Нисэхийн 20 мянган метр куб цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон бусад холбогдох байгууллагын инженер, техникийн ажилчид байлцав. Мэдээлэлд дурдсан зарим асуудалтай холбоотойгоор Төв цэвэрлэх байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагаанд сайтар хяналт тавьж, “Харгиа”, “Нисэх”-ийн цэвэрлэх байгууламжид тулгамдаад байгаа асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүд үүрэг болголоо.
Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу БХБЯ 2019 онд багтаан Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хуримтлагдсан 820,000 метр куб лагийг үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200 метр куб лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хийж гүйцэтгэжээ.
Эх сурвалж: БХБЯ