Эрүүл мэндийн талаар төөрөгдөлд оруулж болзошгүй эндүү ташаа мэдээлэл хүний аминд хүрэх аюултай төдийгүй нийгмийн эрүүл мэндэд нөлөө үзүүлж байдаг тул Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал болгосон эрүүл мэндийн сэдвээр бичиж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудын мөрдөх удирдамжийг үүгээр түгээж байна.
Та бүхэн өдөр тутмын нийтлэл, нэвтрүүлэг төдийгүй, нийгмийн сүлжээнд түгээж буй мэдээ мэдээлэлдээ онцгой анхаарч ажиллана уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭДВЭЭР БИЧИЖ БУЙ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНУУДЫН МӨРДӨХ УДИРДАМЖ
• Цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас үл хамаарч тоо баримт бодитой эсэхийг заавал нягтлан шалгана. Буруу ташаа мэдээллээс болж гэм хор учруулахгүй байх.
• Үл биелэгдэх, хоосон найдлага төрүүлэхээс зайлсхийнэ. Эм, эмчилгээ бүр тухайн хүний эрүүл мэндийн байдал, эмчийн оношоос хамаарах учир “ид шидтэй эмчилгээ хийнэ”, “бүрэн эдгээнэ” гэх агуулга бүхий мэдээллийг нийтэд түгээхээс зайлсхийнэ.
• Иргэд, олон нийтийн дунд айдас төрүүлэх, үндэслэлгүйгээр цочроох, тодорхой өвчний аюул бүх нийтийг хамарч буй байдлаар хавтайруулсан өрөөсгөл мэдээлэл цацахаас болгоомжилно.
• Эрүүл мэндийн ямар ч сэдвээр мэдээлэл бэлтгэж, түгээхдээ тухайн мэдээлэл хэнд давуу байдлыг бий болгож болох, хэнд ашигтай байх талаар шүүмжлэлтэй хандаж мэдээллийн өнцөг, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг нягтална.
• Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм, эмчилгээтэй холбоотой нэвтрүүлгийг ивээн тэтгэлгээр бэлтгэсэн бол үүнийг ил тодоор олон нийтэд мэдээлнэ.
• Эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл өгсөн эх сурвалжийг нууцална хэмээн тохирсон бол амлалтаа биелүүлнэ.
• Өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүлийн эрүүл мэндийн болон хувийг нууцыг ямагт хүндэтгэж, нийтэд дэлгэхээс татгалзана.
• Нийтлэл, нэвтрүүлгийн үр дагаварыг байнга урьдчилан тооцож, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуя хүүхэд, өсвөр үеийнхний өвчин, эрүүл мэндийн асуудлаар нийтэд мэдээлэхдээ тэдний ирээдүйд сөрөг үр дагавар учруулахгүй байхыг тооцно.
• Аваар осол, байгалийн гамшгийн улмаас өнчирсөн хүмүүсийн сэтгэлийн зовлонд хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандаж, онцын шаардлагагүй бол сэтгэлийнх нь шархыг сэдрээн эмзэглүүлэхийг цээрлэнэ. Осолд өртсөн, хүнд гэмтсэн, нас барсан хүн, тэдний ар гэрийнхний зураг дүрсийг ойроос авах, шаардлагагүйгээр олон дахин харуулахаас зайлсхийнэ.
Хэвлэлийн хүрээлэн