Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүйг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч иргэдийн дунд эргэлзээ байсаар байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ.
Үүнд:
“Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн.
Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.
Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл!!! Одоо энэ л чухал болоод байна” гэсэн байна. Мөн өдөр бүр 09:00-18:00 цагт коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 8008-6829 утсыг ажиллуулж эхэлжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар