Швейцарын Холбооны Улсын Давос хотод өнөөдөр /2020.01.21/ Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтаар экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн үндсэн зургаан чиглэлээр өргөн хүрээний уулзалт ярилцлага өрнүүлэхээр зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.

Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2009-2011, 2013-2017 онуудад Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003 болон 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцож байсан бол энэ жил дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.

“Уялдаа холбоо бүхий тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож, “Агаарын бохирдолтой тэмцэх нь”, “Евроазийн шинэ хэтийн төлөв-Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл” гэсэн хуралдаанд оролцож, бүс нутгийн уяалдаа холбоог сайжруулах асуудлаар зарим улсын төр засгийн тэргүүн, эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дэлхийн эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр зарим улсын төр засгийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийж, салбар хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн