Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар нь телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерийн мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператороор олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна хяналтын камерын ашиглалт болон илрүүлсэн хэрэг, зөрчлийн тоо өссөн нь шинэлэг ажил болсон юм.
Хяналтын камераар 242 зөрчил илрүүлэн хэв журам, замын цагдаагийн эргүүл, постуудад зарлан мэдээлж, зөрчил гаргасан 191 иргэдэд 2.635.000 төгрөгийн торгууль оногдуулан, 51 зөрчлийг газар дээр нь засуулан сануулж, иргэдээс ирүүлсэн 13 хүсэлтийн дагуу камерын бичлэг шүүж, 4 тээврийн хэрэгслийн дугаарыг илрүүлэн, 2 гээгдүүлсэн гар утас, эд зүйлсийг олж хариу өгөн, 2 гэмт хэргийг камерын тусламжтайгаар илрүүлжээ.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зарласан сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцан амжилттай төгсөж нөөцөд бүртгэгдсэн иргэдийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байгаа нь тэднийг ажлын байранд нь сурган дадлагажуулах, ажлын байранд дасан зохицоход нөлөөтэй шинэлэг ажил болж байна.