Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүн зарлагдлаа. Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргасан байна.
Төрийн байгууллагууд 2019 онд шударга байдлын үнэлгээгээр 100 онооноос дунджаар 74.1 оноо авсан нь
өмнөх оныхоос 5.4 пунктээр өссөн үзүүлэлт гэдгийг Шударга байдлын үнэлгээний 2019 оны тайланд дурьджээ.
Шударга байдлын үнэлгээ ийнхүү өсөхөд тухайн төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр, бодлогод оролцогчдын өгсөн үнэлгээ 3.8 пунктээр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Шударга байдлын үнэлгээ нь 2015 оноос хойш 4 удаа зохион байгуулагдсан бөгөөд төрийн байгууллагын албан хаагчид байгууллагынхаа шударга байдлыг харьцангуй өндрөөр үнэлдэг болох нь харагдаж байна.
Гадаад шударга байдлын үнэлгээний хувьд 2018 онд 63.3 байсан бол 2019 онд 71.7 болж үнэлгээ илт сайжирсан байна. Гадаад шударга байдлын үнэлгээ ийнхүү өсөхөд аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад шударга байдлын үнэлгээ 72.4 болж, өмнөх оноос 11.8 пунктээр өссөн нь нөлөөлжээ. Харин бодлогод оролцогчдын үнэлгээ сүүлийн 3 жил харьцангуй тогтмол өсөлттэй байна.
Үнэлгээг байгууллагын төрлөөр авч үзвэл яамны үнэлгээ 73.2 болж, өмнөх оноос 4.3 пунктээр, ЗГ-ын агентлагийн үнэлгээ 75.2 болж, 4.5 пунктээр, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын үнэлгээ 73.2 болж, 7.1 пунктээр тус тус өсчээ.
Шударга байдлын үнэлгээнд хамрагдсан байгууллагуудыг 0-100 оноогоор үнэлэхэд 2019 онд 64.8-83.7 оноо авсан байна. Үнэлгээнээс харахад байгууллагуудын ил тод хариуцлагатай байдал дутмаг, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог зэрэг шалтгааны улмаас оноо алдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үнэлгээ буурсан хэдий ч хамгийн өндөр үнэлгээ авсан 5 байгууллагын жагсаалтад орсон байна. Харин Биеийн тамир, спортын газрын үнэлгээ өмнөх оноос өссөн хэдий ч хамгийн бага үнэлгээ авсан 5 байгууллагын жагсаалтад орсон байна.
Бэлтгэсэн Н.БАТАА