УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулсан. Тус ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Н.Оюундарь гишүүн танилцууллаа. Уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, ажлын хэсэг болон ажлын хэсгийн ахлагчаас хариулт, тайлбар авлаа.
Хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан гэлээ.
Түүнчлэн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын чиг үүргийг тодорхой болгох, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тусгасан гэдгийг Н.Оюундарь гишүүн тайлбарласан. Бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгохоор тусгасан болохыг нэмж хэлсэн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.