Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр (2020.01.20) Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд болжээ.
Хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Мөн Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран “Хувиргасан амьд организм түүнээс гаралтай түүхий эдийг бүртгэх, эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тавих” журмыг яаралтай батлан гаргах үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.