Энэ сарын 8-12-нд Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албаны 1800-1969 дугаарт 31 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 14 нь ашиг сонирхлын зөрчилтэй, зургаа нь төрийн байгууллагын ёс зүй хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй гурван мэдээлэл бүртгэгдсэн байна.
Салбар байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастртай холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байгаа юм.
Тодруулбал, Нийслэлийн 122-р сургууль, 6-р сургууль, Ирээдүй цогцолбор, 35 дугаар сургууль, 22 дугаар сургууль, Дорнод аймгийн 5 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль зэрэг боловсролын байгуулагыг шалгаж байна. Үүнээс гадна Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан, Увс, Дундговь, Хэнтий аймгийн сумдын төрийн албан хаагчидтай буюу нутгийн удирдлагатай холбоотой, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх газрын харилцаатай холбоотой хэргийг хянаж байна.
Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг дээрх тусгай дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: АТГ