Монголчууд автомашин үйлдвэрлэж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал “Барс моторс” компани БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж анхны машинаа үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр тун удахгүй худалдаанд гарч, бидний хэрэглээ болох юм.
Харин тус машинуудыг Монголд авчирсан бөгөөд ирэх сарын 2-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Компанийн зүгээс тус өдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн хийсэн машиныг олон нийтэд танилцуулахаас гадна захиалга авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“МОЗО” автомашин нь манай орны эрс тэс уур амьсгал, монголчуудын хэрэглээнд бүрэн зохицох эсэх чанар, өнгө үзэмж, шатахуун зарцуулалт, эд ангийн чанар зэргийг шалгах сорил одоогоор Монголд хийгдэж буй гэнэ.
Хэрэв уг сорилт амжилттай болвол “МОЗО автомашин худалдаанд гарч эхлэх юм. Анхны автомашин нь дунд оврын жийп байх агаад үнийн хувьд Монголчуудын санхүүгийн боломжинд тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийн удирдлагууд мэдээллээ.
Манай улс жилд 500-800 сая ам.долларыг автомашин худалдаж авахад зарцуулдаг гэсэн тоон мэдээлэл байна. Тус төгрөгийг ихэвчлэн Япон, Солонгос, АНУ-д өгдөг аж. Зөвхөн автомашины зардалд зарцуулагдан гарч буй дээрх мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх нь хамгийн чухал юм.
“Барс моторс” ХХК нь уг үйлдвэртээ жилд 25 мянган автомашиныг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашиныг үйлдвэрлэх гэнэ.
Улмаар тус компани нь машины үйлдвэрээ Монголд нээх талаар судалгааны ажил хийж байгаа юм. Тус компанийн захирал Д.Дэмбэрэл “Үйлдвэр байгуулахад маш сайн механик инженерүүд, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах хэрэгтэй. Ингэснээр хамгийн багадаа 200 сая ам.долларыг эх орондоо үлдээнэ” гэсэн тайлбарыг өгч байна.
2 comments
Сайн машин бол авна ш д ээ. Япон, хятад хамаагүй ш дээ. Гэхдээ Хятад Японыг арай гүйцэргүй бахйаа. Үнэ аямд бол авнаа.
үнээ бичээч тэдээс тэдийн хооронд байх болов уу? гэж ирээд л… тэгвэл л хүмүүс сонирхож, ярилцаж бас авна шдээ