УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өнгөрсөн оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдэж, тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм. Уг төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Тиймээс дээрх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, О.Батнасан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулахын зэрэгцээ, ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байгаа талаар тодруулж байлаа.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9.2-15.7-ын хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад НӨАТ-ын шинэ хууль үр дүн өгснийг онцлов. Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын тайланг хялбаршуулж, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэж байна гэж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ, “Саарал жагсаалттай холбоотой дөрвөн шаардлага байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхаарч, хариуцлагаа сайжруулах хэрэгтэй” гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцэх бус хөдөлмөрлөж, ажлын байр бий болгоод яваа аж ахуйн нэгжийг дарамтлах талаар ярьж болохгүй гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Саарал жагсаалтад тусгасан дөрвөн шаардлагаас гадна олон асуудал байгаа тул эрсдлийг сайн тооцож, оношоо зөв тодорхойлохыг анхааруулсан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Хууль баталбал саарал жагсаалтаас гарахгүй. Саарал жагсаалтаас гаргах календарьчилсан төлөвлөгөө, нэгдсэн зохион байгуулалттай ажил хийх нь чухал байгааг онцлов.
Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалаа. Төслийн 2 дугаар зүйлийн хуулийн гэсний дараа 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын “хуульч” гэсний өмнө “өмгөөлөгч” гэж нэмэх гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувийн саналаар дэмжлээ.
Үргэлжлүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжин, баталлаа.
Мөн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан байцаах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаав.