Монгол Улсын арслан Э.Оюунболд 2019 оны улсын их баяр наадамд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Тус баяр наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээгээр түүнээс хориотой бэлдмэл илэрсэн тухай мэдээлэл гарсан.
Улмаар МҮБХ-ноос албан ёсоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлаагүй ч Оюунболд “А сорьцын сэргээшийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн тодруулгадаа “Сэргээшийн асуудлын талаар надад одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга. Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ.
Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай” гээд “ Удахгүй болох Сар шинийн барилдаанд зодоглох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэж хариулжээ.