Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр танилцуулав.
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй байдаг бол Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг 17 зорилго, 83 зорилт, 169 шалгуур үзүүлэлттэй байхаар төлөвлөжээ.
Эдгээр зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүд нь ХОТ /Хүн-Орчин-Төлөвлөлт/ концепцийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн аж. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд 101 шалгуур үзүүлэлт, орчин төвтэй шийдлийг хэрэгжүүлэхэд 22 шалгуур үзүүлэлт, төлөвлөлт төвтэй хөгжлийг хэрэгжүүлэхэд 45 шалгуур үзүүлэлт чиглэгдсэн байна.
“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулснаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх аж. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж батлаад Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс