АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоон сарын өмнө Дональд Трамп “Rhode” арлын оршин суугчидтай уулзах үеэрээ “Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол твиттер ашиглахгүй” гэж мэдэгдэж байв. Гэтэл тэрбээр Цагаан ордонд ирснээсээ хойш жилд дунджаар 3000 орчим удаа жиргэсэн байна. Тухайлбал, 2017 онд 2608, 2018 онд 3600 удаа жиргэсэн аж.
Харин өнгөрсөн жил хоёр дахин олон удаа буюу 7700 удаа жиргэжээ. Тэрбээр “Орчин үеийн Ерөнхийлөгчийн” гэдэг үгийг жиргээ бүртээ ашигласан тухай BBC агентлагийнхан онцолсон байна. Мөн нийт жиргээнийхээ 32 хувийг өглөөний 06.00-09.00 цагийн хооронд нийтэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч ямар нэгэн асуудлаар хэвлэлийн хурал хийж, барагтай л бол албан ёсоор мэдэгдэл хийдэггүй. Түүнийг ямар байр суурьтай байгааг жиргэж буй твиттерээр нь мэддэг гэхэд хилсдэхгүй болов уу. Солонгосын хойгийн асуудалд ч тэрбээр өөрийн байр суурь болон сүрдүүлгээ твиттерээр дамжуулан илэрхийлж байсан юм. Дэлхийн улс орнуудын удирдагчид түүний жиргээ олон улсад тулгамдаж буй асуудлыг улам хурцдуулдаг гэж шүүмжилдэг.
ТРАМПЫН ШҮҮМЖЛЭЛ
Трамп магтаж, сайшааж жиргэхээсээ илүүтэйгээр шүүмжилж жиргэж байжээ. Өнгөрсөн жил 1238 удаа шүүмжилсэн утга бүхий жиргээ нийтэлснээс 527 нь долоон зорилтот байг чиглэсэн байв. Түүнчлэн түүний шүүмжлэлийг хамгийн их хүртсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байлаа. Үүнээс CNN агентлагийг хамгийн олон удаа шүүмжилсэн бол “Fox news”-ийг эсрэгээрээ магтаж, сайшаасан байна. Мөн тэрбээр өдөрт 12 минут тутамд “хуурамч мэдээлэл”-ийг буруутган жиргэж байжээ.
АРНОЛЬД ШВАРЦЕНЕГГЕР ТРАМПЫН БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЖ ХАМГИЙН ОЛОН УДАА ЖИРГЭСЭН
Калифорни мужийн захирагч асан, Терминатор киноны гол баатар Арнольд Шварценеггер Ерөнхийлөгч Трампын баримталж буй бодлогыг шүүмжилж хамгийн олон удаа жиргэсэн хүнээр тодорчээ.
САДИК ХАНЫГ ШҮҮМЖЛЭВ
Лондон хотод өнгөрсөн 2017 оны зургадугаар сард террорист халдлага болж олон хүн амиа алдсан. Энэ үеэр Лондон хотын дарга Садик Хан “Хотын аюулгүй байдлыг улам чангатгаж, илүү олон цагдааг хамгаалалтад гаргана” хэмээгээд ард иргэддээ тайван байхыг уриалсан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч “Долоон хүн амиа алдаж, 48 хүн шархдаад байхад Лондон хотын захирагч ард иргэддээ тайван бай, сэтгэл түгших шалтгаан байхгүй гэж хэлж л байдаг” хэмээн жиргэсэн. Трампын уг жиргээнээс болж Лондон хотын дарга АНУ-ын Ерөнхийлөгчийг хэзээ ч улаан хивс дэвсэж угтахгүй гэдгээ мэдэгдсэн.
ТРАМПЫН МАГТААЛ, САЙШААЛ
Өнгөрсөн хугацаанд Трамп 214 хүнийг сайшаажээ. Гэхдээ түүний магтсан хүний олонх нь Цагаан ордонд зочилсон албан тушаалтнууд, Трамптай уулзсан дэлхийн улс орнуудын удирдагч, бүгд найрамдахчууд байв.
Цагаан ордноос Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер жиргээ болгоныг Америкийн Үндэсний архивын газарт албан ёсоор хадгалдаг. Архивт Трампын твиттерт байгаа болон алдаатай бичээд устгасан бүх бичвэрүүд баримт хэлбэрээр үлдэж байгаа аж. Трамп твиттерт бичсэн мөрүүддээ багагүй үг үсгийн алдаа гаргадаг бөгөөд устгаад дахин засварлаж нийтэлдэг байна. Олон нийтийн сүлжээг ашиглан мэдэгдэл хийдэг арга барил Америкийн Ерөнхийлөгчийн түүхэнд байгаагүй гэнэ.
Эх сурвалж: http://www.bbc.com