Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд карт уншуулалгүй, бэлэн мөнгөөр зорчсон иргэн болон зорчигчдоос мөнгө авсан жолоочид хариуцлага тооцож эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож “Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө хувьдаа ашигласнаар тээврийн төсөв бүрэлдүүлэх мөнгө төвлөрөхгүй байгаа.
Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлсөн. Иймээс “Автобус ирэхгүй байна”, “Хэтэрхий олон хүн байна”, “Атобусанд багтахгүй ажил, хичээлээсээ хоцорч байна” гэх гомдол иргэдээс олон ирсэн тул тээврийн хэрэгслийг хүртээмжтэй байлгаж, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгох арга хэмжээ авна. Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг арван мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна” хэмээн ярьсан байна.