БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулагдсан мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид эх орондоо иржээ. Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн тэмжээнд ОУХМ Н.Хэрлэн амжилтаа бататган мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртлээ.
Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр дахь удаагаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарч үлдээд байгаа нь энэ. Мөн энэ тэмцээний эмэгтэй хурдны төрөлд Спортын мастер Б.Ариунбаяр мөн Ази тивийн аварга болсны зэрэгцээ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлсэн байна.
Онооны жагсаалтаар Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноотойгоор Азийн аваргын хүрэл медаль /хурд, эр/, Дэд мастер Д.Отгонхүү наймдугаар байр /хурд, эр/, Спортын мастер Ч. Мандахбаяр 16 дугаар байранд тус тус шалгарчээ.
Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.