Өнгөрсөн 10-р сард Стокгольмд зогсоосон хэлэлцээрээ сэргээх саналыг АНУ БНАСАУ-д тавьжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен Axios” мэдээний цахим хуудаст ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Бид Умард Солонгост хандаж, хамгийн сүүлд 10 дугаар сарын эхээр Стокгольмд хийсэн хэлэлцээгээ сэргээх саналтай байгаагаа мэдээлсэн. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны өгсөн цөмийн зэвсгээс ангижрах амлалтыг биелүүлэхийн тулд бид хэлэлцээг зөв гольдрилд нь буцаан оруулах хүсэлтэй байгаагаа олон сувгаар дамжуулан тэдэнд мэдэгдсэн” гэж тэрбээр ярьжээ.
Тэрбээр мөн хэдийгээр “Зул сарын баярын бэлэг” амласан боловч БНАСАУ ямар нэг шинэ туршилт явуулахаас одоогоор татгалзаж байгаа нь сайны тэмдэг гэж үзэж буйгаа цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурлын үеэр шинэ стратегийн зэвсэг удахгүй танилцуулна хэмээн мэдэгдэж байлаа.
Түүнчлэн АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулилт явуулсан хэвээр байгаа тул цөмийн туршилт хийхээс түр татгалзах үүргээ БНАСАУ цаашид мөрдөх албагүй хэмээн мэдэгдсэн юм.