УИХ-ын болон Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2020.01.10/ хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт хийсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Хуулийн төсөлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төсөлд бүрэн тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна.
Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулан төсөлд нэмж тусгахаар боловсруулсан аж.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Цогзолмаа, Д.Дамба-Очир нар асуулт асуусан. Гишүүд нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нийт дүнг нь үл харгалдан чөлөөлөх үү хэмээн тодруулж байлаа. Мөн 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу үнэт цаасыг мөнгөжүүлэхээс өмнө нас барвал тэрхүү үнэт цаас үр хүүхдэд нь өвлөгдөн үлдэх үү хэмээн лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол үлдэгдлийн хэмжээнээс үл хамааран чөлөөлөгдөх аж. Мөн 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшсэн өндөр настан нас барвал тэрхүү үнэт цаас өвлөгдөн үлдэхээр тусгасан байна.
Ингээд Ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал олонхын дэмжлэг авсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу боловсруулан оруулж ирсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн өгөөжтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, энэ хуулийн 1 дүгээр зүйл болон “Эрдэнэс Силвер” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Мөн иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ хэмээн тусгасан байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар даалгахаар тусгасан байна.