Амьдарч буй нийгмийнхээ эд эсийн хувьд бусдын адил амьсгалах агаар цэвэр, ажиллах орчин таатай, харилцах хүмүүс соёлтой байгаасай гэж хүснэ. Өөрсдөө хичээхийн сацуу өөрийн эрхгүй хэлэхээс нааш санахгүй, засахгүй харилцааны соёлгүй хүмүүсийн гаж, гажиг үйлдэлд бухимдах нь хааяагүй. Жишээ бол гараад л нэг, хоёр гэж тоолохоор олон.
Ердөө өчигдөр “Гранд плаза” төвийн урд хаалгаар гарах гэж байхад өөдөөс бага насны хоёр хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойрхон ирж явлаа. Гарсан хойноо хүүхэдтэй хүмүүсийг хүндлээд хаалгаа бариад зогслоо. Зүй нь бол насанд хүрсэн хоёрын аль нэг нь хурдхан ирж, хаалга хүлээж аваад, талархал илэрхийлэн, хүүхдүүдийг түрүүлж оруулаад, өөрсдөө араас нь дагахаар. Гэтэл санасны зоргоор алхаагаа хурдасгасан ч үгүй, тэр бүү хэл эмэгтэй нь улам удаан явж, улмаар ширэв татах маягтай харав. Тэгсэн ч түрүүнд нь яваа жаалуудыг оруулж, өнөөх залууд хаалгыг өгөөд цаашиллаа. Тэр эмэгтэй юу гэж бодсон бол. Соёлтой хүний дүр эсгэлээ гэж бодсон уу. Эсвэл бидний орох, гарах хэнд ямар хамаатай вэ, өөрсдөө хаалгаа татаад болоод л байдаг, илүү зантай юм гэж санасан уу. Юутай ч хэнд ч байх эелдэг зангийнхаа төлөө ширэв татсан харцаар шавхуурдуулав.
Лондонд нэлээд хэдэн жил амьдраад эх орондоо түр хугацаагаар ирсэн танил эмэгтэй үүнтэй төстэй бас нэгэн түүх ярьсан нь инээдэмтэй бус, эмгэнэлтэй. Тэрбээр өнгөрсөн зун хотын гудамжинд нийтийн унаа хүлээж зогсохдоо тэнд байсан өөрийнхөө үеийн эртэй хоёронтоо харц тулгармагц инээмсэглэж л дээ. Тэгэхэд өнөө хүн “Юу гэж маяглаад байгаа п… вэ, чи” гэжээ. Хүнтэй удаа дараа харц тулгарсан тохиолдолд түүн рүү харж инээмсэглэх, нүд ирмэх мэтчилэн биеийн хэлээр харилцаж болно шүү дээ. Соёлтой оронд бол өдөр тутам харж болох наад захын харилцаа. Манайд ч гэсэн уг нь цочирдон уцаарлаж, элдвээр хараах шалтгаан биш юм. Хэрвээ энэ хүний гэргий нь өөрөөс нь соёлоор хавьгүй дээр бөгөөд шаардлага гарах үед нүдэн дээр нь өөр эрэгтэй хүнтэй тэврэлдэн, хацраа нийлүүлдэг ч юм уу, үнсээд авбал магадгүй унатал алгадах нь л дээ. Соёлт ертөнцийн иргэд баярлаж, талархаж байгаагаа олон янзаар илэрхийлж ирсний нэг нь эрчүүд бүсгүйчүүдийн гар болон хацар дээр үнсэх бөгөөд орчин үед эмэгтэйчүүд ч гэсэн баяр хүргэж, талархал илэрхийлэхдээ эрчүүдийг түрүүлж үнсдэг болсон. Монголчууд хэзээ ингэж байсан юм, ёс заншилд ийм байгаагүй гэх вий. Дэлхий нэг болсон гэдэг нь юуны түрүүнд хүн төрөлхтний нийтлэг соёлын хэм хэмжээ үндэстэн харгалзахгүй аль ч улс оронд адил болсныг хэлнэ. Дэлхийн иргэд өнөөдөр харилцааны соёлын хувьд XXI зууны “дүрэм” баримтлах нь зүйн хэрэг билээ.
Монголчууд бид язгуураасаа нүүдлийн соёлтой ард түмэн. Гэхдээ амьдралын орчин үеийн, хотожсон хэв маяг хослох болсон өнөөгийн нөхцөлд цэнхэр гаригийн аль соёлтой хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж, хэл яриагаар нь ойлголцож, адил сэтгэж, бүтээн туурвиж, үерхэн нөхөрлөж, тэр бүү хэл гэр бүл зохион, үндэстэн дамнасан ургийн хэлхээ холбоо үүсгэсээр байна. Тиймийн учир бусдын, тодруулбал, дэлхий даяар хүрэх цэг хэмээн зорьдог Европын хөгжингүй орнуудын ард түмнүүдээс хүссэн ч, үгүй ч суралцсаар, өөрт хэрэгтэйг “нутагшуулсаар” байдаг. Монголчууд энэ талд Азийн бусад үндэстнээс илүү. Тиймдээ ч гадаадынхан биднийг Ази, Европын дундах өвөрмөц ард түмэн гэдэг. Манай улсад ажиллаж байсан Элчин сайд, сүүлд Италийн нэгэн хот дахь Монголын өргөмжит консул болсон Алдо гуай “Монголчуудыг би талын язгууртнууд хэмээн хүндэлдэг” гэж хэлсэн удаатай. Бусдын хараа, сэтгэлд ийм эрхэмсгээр буух атлаа өөр хоорондоо эв түнжин муутай, ёс суртахуунаар дорой, харилцааны наад захын соёл мэдэхээ байтлаа бүдүүлэг болсныг юу гэх вэ. Мэдээж улсын нийт иргэд тийм биш ч дийлэнх хувь нь хамаарах тул асуудал болгохоос аргагүй.
Нийгэмд үүсээд байгаа энэ мэт байдлыг судалж, дүгнэн, зөвлөмж, зөвлөгөө өгдөг байгууллага, институц байхаа больсон юм уу. Засгийн газар, төрд хаяглан асуулт тавих нь хоосон торх руу тонгойж байгаад хашхирахтай адил замхардаг болсон өнөө цагт найдах хүн, хандах газар олох хэцүү. Гэхдээ аливаад хувийн дүгнэлттэй явдаг боловсролтой, соёлтой, хуучныхаар бол сэхээтэн иргэдийн зүгээс бүдүүлэг хэсэгт үзүүлэх шахалтад найдаж болох юм гэсэн санаа байна.
Саяхан даа, Төмөр замд хогийн цэгт хувинтай задгай хог сэгсэрч зогсоо эмэгтэйг харсан залуу бүсгүй түүнд дөхөж очоод “Эгч ээ, та хог ангилж хаяж сураагүй юм уу. Ядаж хуванцар, шилэн сав, цаас гурвыг тусад нь уутлаад гаргаж байгаач. Наана чинь хүмүүс хэрэндээ уутлаад хаясан байгаа биз дээ. Гэтэл та бохир цаас тэр чигээр нь асгаад байх юм. Салхи гарахад наадах чинь таны ч, миний ч нүүрэнд наалдана. Би Европт сурч байгаад ирсэн юм. Тэндхийн аль ч улсын, ямар ч хотын хэн нь ч бай хогийг ангилалгүй хаядаггүй. Хэрвээ тан шиг ингэж задгай асгаж байгааг хэн нэгэн харах юм бол маш их уурлаж, тан руу дайрч, өөрөөр тань цэвэрлүүлж ч магад” гэв. Авууштай нь хог задгай асгасан тэр эмэгтэй хэлснийг нь хүлээж авч, “За, ойлголоо, миний дүү.
Дахиж ингэж асгахгүй ээ. Ойрд дэлгүүрээс хүнс их хэмжээгээр аваагүй болохоор гэрт гялгар уут байгаагүй юм” гэсэн. Иргэдийн бусдад үзүүлдэг шахалт, шаардлага үр дүнтэй гэдгийг тэр хоёрын харилцан ярианаас ойлгосон юм. Хаанахын хэний ч өмнө тулгардаг, хог хэрхэн хаяхтай адил асуудлуудыг соёлтой, боловсролтой иргэд нь амьдралын хэв маяг, хэвшил, соёлын үүднээс хандан шийдээд явчихдагийг хүний газраас соёл тээж ирсэн монгол бүсгүйн ярианаас ажиглав. Энэ нь жижиг мэт авч нийслэлийн оршин суугч иргэд хог хаяхдаа хүртэл соёлтой хандвал нэг нэгнийхээ шаардлагыг энэ мэтчилэн уриалгахан хүлээж авч, хэрэгжүүлбэл хот цэвэр цэмцгэр байх нь гэсэн гаргалгаа хийж болохоор. Хог ачих тухай асуудал бол энэ ажлыг эрхэлдэг байгууллагын ажлын үзүүлэлт бөгөөд одоогийнх шиг амсраар нь халиад байхад авахгүй олон хонуулбал мөн иргэд шаардаж, ачуулдаг байх ирээдүй ойрхон байгаасай.
Манай сонины ердөө өчигдрийн дугаарт ярилцлага өгсөн Гавьяат багш Л.Олзвой “Улс оронд зөв төлөвшсөн хүн олноороо хэрэгтэй байна. Тэгэхээр сурагчдыг төлөвшил сайтай, эх оронч хүмүүс болгон хөгжүүлэх нь Монголын боловсролын зорилго. Зөв монгол хүн бий болгоно гэж яриад байгаа. Зүг, чиг нь бол гарчихсан нь энэ. Гагцхүү зөв монгол гэж ямар хүн юм, түүнийг бий болгохын тулд юуг яаж хийх, зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдэг чухал. Үүнд багшийн үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлохын тулд эхний ээлжид зөв хүн гэж хэн бэ гэдгийг томьёолох ёстой. Энэ нь манай сургуулийн зүгээс удирдамж болгон, сургалтын хөтөлбөртөө шингээж авч яваа, бүх талын боловсрол олгох таван талт зарчмын онолоор бол оюуны чадамж өндөртэй, сэтгэлийн тэнхээтэй, хариуцлагатай, эрүүл бие бялдартай, харилцааны ур чадвартай иргэн юм” хэмээн хэлсэн. Тэрбээр зүйрлүүлж тайлбарлахдаа модон торх ашиглав. “Торхыг жигд зүссэн хавтгай, ур моднууд эгнүүлэн шахаж, дээр, доор нь цагариг төмрөөр тогтоодог доо. Хэрвээ тэр моднуудын нэг нь л аль нэг хэсгээрээ хугархай бол түүнээс доош түвшинд л устай байх боломжтой. Торхыг дүүрэн устай байлгая гэвэл шахсан моднуудыг бүгдийг бүрэн бүтэн байлгах ёстой.
Яг үүнтэй адил, хүмүүс дээр дурдсан оюуны чадамж өндөртэй, сэтгэлийн тэнхээтэй, хариуцлагатай, эрүүл бие бялдартай, харилцааны ур чадвартай байх гэсэн таван үзүүлэлтийг цогцлоосон байх аваас төгс байх нь. Төгс биш юм гэхэд бусдад тээр болохгүйгээр өөрийгөө авч явах чадвартай иргэд болж төлөвшинө. Боловсролыг, сургалтын зорилгыг үүнд чигүүлэх цаг болсон. Эдгээрийг хүүхдэд багаас нь зааж, төлөвшүүлнэ. Тиймээс сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүүхдийг хүн болгох чиглэлийн хичээлийн цагийг нэмэх, зүй зохистой заах шаардлагатай. Саяхан БСШУСЯ-наас нийслэлийн сургуулиудын захирлуудыг сургалтад хамруулсан юм. Тэр үед захирлуудаар сургалтын чанарыг хэрхэн сайжруулах тухай төсөөлөл, төлөвлөгөөг нь бичүүлсэн юм. Тэгэхэд лав нэг захирал “Алдаатай бичдэг хүүхдийг алдаагүй бичдэг болгоно” гэсэн байлаа. Би их гайхсан. Тэр сургуулийн багш нар сурагчдад зааж эхлэхдээ тухайн үед нь яагаад алдаагүй бичиж сургасангүй вэ. Ердөө үүнээс манай улсын боловсрол хэрхэн доройтсоныг харж болно” гэж байлаа.
Иргэд ухамсар дорой, ёс суртахуунгүй, харилцааны соёлгүй байгаа нь нийгэм, улс төрийн олон шалтгаантай ч гол нь боловсролын салбарын уналттай шууд холбоотой гэсэн онош тавихаар байна. Энэ салбар сэргэж, сэхтэл хугацаа шаардаж таарна. Иргэд, гэр бүлүүд хүлээж суулгүй дор бүрнээ зовхио өргөн орчноо ажиж, хүүхэд багачуудаа саараас хол байлгаж, сайныг дагуулан сургах түүхэн цаг үе тохиож байна. Саар гэдэгт хүүхдийг сургах чин сэтгэлгүй, ажлаа ял мэт бодож, хичээлээ заасан болоод хурдхан гарахыг урьтал болгодог багш нар ч хамаатай.
Харилцааны соёл нь тухайн хүний хөгжсөн түвшин бөгөөд үзүүлэлт дээшлэх, эсэх нь хүүхдийг, хүнийг хөгжүүлэх үүрэг бүхий багш, сургууль, салбар хариуцсан яамны ажил, эцэг, эхийн боловсрол, соёлоос ч хамаарах юм.
Р.ОЮУНЖАРГАЛ