Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос УИХ-ын зарим гишүүн, ЗТХЯам Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хот хооронд явуулах компанийн тоо, давтамжийг нэмэхийг эсэргүүцэж байгаа аж.
“Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан”
Энэ тухай Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ “Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Өнөөдөр хот хоорондын 70 гаруй чиглэлд 67 аж ахуйн нэгжийн 1,300 гаруй жолооч, 800 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт нийт 5,000-6,000 хүнийг улсын хэмжээнд тээвэрлэдэг.
Харин УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна.
Гэтэл одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна.
Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм.
Ийм байхад хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, явах давтамжийг нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид бид эсэргүүцэж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 онд хот хоорондын нийт 87 чиглэлийг баталсан байдаг. Гэтэл өнөөдөр 68 гаруй чиглэлд нь л автобус тогтмол үйлчилж байгаа бөгөөд цаана нь чиглэлүүд сул байсаар байгаа юм.
Сул чиглэлүүд байсаар байхад хэр туршлагатай нь мэдэгдэхгүй компаниудыг Увс, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт давтамжаар явуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна.
Тиймээс бид эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж хэвлэлийн хурал хийж байгаа” гэдгийг нэмж хэлэв.
“Зорчигч нь нэмэгдэхгүй байхад үйлчлэх аж ахуйн тоог нэмэх нь одоо байгаа жолооч нарынхаа өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг”
“Газрын Од” компанийн захирал н.Энхбат “2016 оноос хойш хот хоорондын нийтийн тээвэрт 20 гаруй аж ахуйн нэгж нэмэгдсэн. Зорчигч урсгалын тооцоогоор жилд хот хооронд зорчигчийн тоо 200 мянгаар л нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл 2018 онд бид хот хооронд давтагдсан тоогоор 3.2 сая хүн тээвэрлэж байсан бол аж ахуйн нэгжийг нь 1/3-ээр нэмэгдчихээд байхад зорчигчийн тоо нь 200-хан мянгаар нэмэгдсэн.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр компанийн 40 гаруй тээврийн хэрэгсэл, 100 гаруй жолооч долоо хоногт өдөр бүр нэг гаралттайгаар хот хооронд үйлчилж байна. Тэдгээр автобусны нэг риссийн суудал ашиглалт 90 хувьтай байх ёстой байтал 58-61 хувьтай байгаа бөгөөд компанийнх нь парк ашиглалт нь 31 хувь байна.
Энэ нь нийт 300 гаруй автомашины 100 гаруй нь л гэрээгээр үйлчлээд бусад нь сул зогсож байна гэсэн үг.
Зорчигчийн тоо нь нэмэгдэхгүй байхад аж ахуйн тоог нэмнэ гэдэг нь одоо явж байгаа жолооч нарын өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг” гэсэн юм.
“Авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна”
Монголын авто тээврийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвсамбуу “Авто тээврийн салбарт төрийн бодлого алдагдсанаас болж ийм хууль бус зүйл хийгдээд байна.
Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулж эрх бүхий албан тушаалтнууд хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэж байна.
Мөн бид эндээс гараад ЗТХЯ-д очиж, албаны хүмүүстэй уулзахаар боллоо. Учир нь 2016 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яам дөрвөн сайдын нүүр үзэж байгаа бөгөөд авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна” гэв.
Г.ӨЛЗИЙХУТАГ