Украйнд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч болж байхад Туркменистанд Ерөнхийлөгч нь хошин шогийн жүжигчин болжээ. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын гавьяа, гаргасан амжилт бүхий олон тооны бичлэгийг ингэж л үнэлж байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэрбээр хэд хэдэн ном бичиж, төрийн албан тушаалтнуудаа спорт зааланд хичээллүүлж, хийн өрхний дэргэдүүр жийпээр зугаалж, тэр ч бүү хэл дахин амилж амжжээ. “Известия” хэвлэл улстөрчийн томоохон шоунуудыг эргэн сануулж байна.
Туркменистаны төрийн тэргүүний гол сонирхлуудын нэг нь хөгжим юм. Хамгийн сүүлд тэрбээр Зөвлөлтийн хит “Каракум”-ыг дуулсан байна. Хөгжимтэй амралтынх нь тухай телевизээр нь харуулжээ. Бичлэгээс харахад төрийн тэргүүний ач Керим дуу бичлэгийн удирдлагын ард ажиллаж харагдана. Ерөнхийлөгч дууны тактаа гараараа инчдэн гаргаж, гитар дарж, ач хүүдээ зөвлөгөө өгч, Туркмений ард түмний хөгжмийн уламжлалыг дагаарай гэж захих аж. Дуу дуулж дууссаны дараа өвөө, ач хүү хоёр бие биедээ баяр хүргэн эрхий хуруугаа гаргаж, алга ташиж, нударгаараа цохилцоно. Туркмений тэргүүн өвөө дөрөвдүгээр сард ч мөн ач хүүтэйгээ ингэж мэндчилж байсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч ач хүү Керимийнхээ тусламжтайгаар Ровач нэртэй ахалкетины хурдан моринд зориулсан рэп үглэж байлаа. Дууны шүлгийг Бердымухамедов өөрөө бичсэн гэнэ.
Түүний бас нэг сонирхол бол спорт. Төрийн тэргүүн албан тушаалтнуудынхаа бие бялдарт илүүтэй анхаардаг. Арванхоёрдугаар сарын дундуур тэрбээр хүчний байгууллагын удирдлагууддаа сургуулилт явуулжээ. Ашхабадын Олимпийн хотхонд явуулсан сургуулилт дээр Үндэсний аюулгүй байдлын сайд, Дотоод хэргийн сайд, ерөнхий прокурор, гаалийн албаны тэргүүн болон бусад албан тушаалтнууд багтжээ.
Бичлэгээс харахад төрийн тэргүүн суулт, эргэлт гээд янз бүрийн дасгалыг аажуу тайвуу хийх аж. Бердымухамедовын албатууд ч түүнийг даган дасгал хийж байгаа ч өөрсдөдөө тийм ч итгэлтэй бус харагдана. Ерөнхийлөгч албан тушаалтнууддаа урам зориг өгч, тэднийг хөнгөн алгадалтаар шагнаж байв.
Туркмений удирдагч цэргийн алба хаагчдад ч үлгэр жишээ үзүүлсэн юм. Зургадугаар сард тэрбээр төлөвлөгөөт бус цэргийн сургуулилт зохион байгуулж, тэнд нь хүнд техник, агаарын үзүүлбэр оржээ. Бердымухамедов эхлээд нисдэг тэргээр ниссэнээ дараа нь буудлагын дадлага сургуулилтыг үзүүлжээ. Тэрбээр унадаг дугуйгаар явж байхдаа гурван байг оносон байна. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид түүний эл үйлдлийг Холливудын боевик киноны баатартай адилтгаж байлаа. “Нэг удаа Гурбангулы Чак Норристой уулзжээ. Чакийг түүнээс хойш хэн ч хараагүй гэдэг” хэмээн нэг хэрэглэгч хошигносон аж.
Бердымухамедовын бас нэг дурладаг зүйл бол ном. Дөрөвдүгээр сард түүний Туркмений хурдан морьдын тухай зохиол хэвлэгджээ. Долдугаар сард эмийн ургамлын тухай номоо танилцуулж, төрийн телевизээр эмийн ургамал бэлтгэх тухай сурвалжлага хүртэл гарсан аж. Бичлэгээс харахад төрийн тэргүүн эргэн тойрондоо шуудайнд хийсэн эмийн ургамал овоолон тавьжээ. Телевизээр тэрбээр өргөөндөө өөрийнхөө дуутай клипийг тавьж, муурын зулзагануудтай тоглож байгаа гарна.
Есдүгээр сард тэрбээр Засгийн газрын хуралдааныхаа үеэр алабая үүлдрийн малчин нохойд зориулсан бүтээлээ танилцуулсан. Түүнчлэн өөрийнхө зохиосон “Гаднаа арсланг санагдуулавч эелдэг дөлгөөн. Түүний хамгаалалт дор эрт зуунаас жингийн цуваа алсын орнуудаас ирж байлаа” гэсэн шүлгээ хүртэл уншжээ. Бичлэг дээрээс харахад Засгийн газрын гишүүд шүлгийг нь тэмдэглэлийн дэвтэр, компьютер дээрээ тэмдэглэн авч байх аж. Сүүлчийн мөрөө уншиж дуусмагц чанга гэгчийн алга ташилтаар түүнийг магтжээ.
Энэ бүх амжилтыг нь нэг амжилттай нь зүйрлэхийн ч аргагүй. Энэ онд Туркмений Ерөнхийлөгч үхээд дахин сэхсэн гээд бод доо. Долдугаар сарын эхээр төрийн телевизээр Бердымухамедовыг нэг сарын амралт авлаа гэж мэдээлж байлаа. Харин долдугаар сарын 20-нд зарим хэвлэлээр төрийн тэргүүнийг бөөрний хурц дутагдлаас болж таалал төгссөн тухай мэдээлэл цацагдах болсон юм. Энэ мэдээллээс хойш хоёр долоо хоногийн турш улстөрч хэрхсэн тухай мэдээлэл огт чимээгүй байсан. Харин наймдугаар сарын 4-нд амралтынх нь талаар тодорхой хэсэг гарч эхэлжээ. Бичлэгээс харахад Ерөнхийлөгч амралтаар тун сайн байсан гэнэ. Унадаг дугуй, ахалтекины азарга унаж, автомат буугаар буудаж, боулинг тоглож, дуу сонсчээ. Хөтөлбөрийн гол хадаас нь Туркмений удирдагч нутагийн иргэдийн хэлдгээр “Тамын хаалга” гэгддэг Дарвазын хийн асар том өрхөөр аялсан явдал байв.
Бердымухамедовын гайхамшигт дахин төрөлт, хувь хүний чадвар нь олон нийтийн сүлжээнээс гадна хошин шогийн алдартай шоунуудын хошигнох сэдэв болж байсан юм. Америкийн хошин шогийн мастер Тревор Ноа нэвтрүүлгийнхээ үеэр Ерөнхийлөгч зүгээр л ямар нэгэн юм хийх биш, түүндээ заавал дээд амжилт тогтоох ёстой гэж байлаа. Америкийн өөр нэгэн шоумен Жон Оливео мөн дээд амжилтад тэмүүлэхэд анхаарлаа хандуулсан. Үүнээс гадна тэрбээр “хүний эрх зөрчигч”-ийг уурлуулахын тулд Бердымухамедовыг мориноос унаж байгааг дүрсэлсэн аварга том бялуу хийжээ.
Тэгвэл хэвлэлүүд Туркмений удирдагчийн төр барих өөр талд анхаарлаа хандуулдаг. Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ энэ улс Хойд Солонгостой хөрш зэргэлдээ явдаг. Тэр ч байтугай Пхеньяны хамгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг Ашхабад руу цөлөх хамгийн хатуу шийтгэл хүлээдэг гэсэн хошин яриа ч бий. Улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний индексээрээ Freedom House-аас Туркменистан боломжит 40 онооноос 0 оноо авчээ. Авлигын индексээр боломжит 180 орноос 161-т ордог. Human Rights Watch-ийн тайланд Туркменистаныг дэлхийн хамгийн хаалттай, дарангуйллын системтэй улс гэж нэрлэжээ.
Тус улсын эдийн засаг ч мөн л хүнд байдалд оршдог. Тус улс хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг боловч өлсгөлөнгийн ирмэгт аж төрдөг. Эндээс сахар, сүү, өндөг гээд нэн шаардлагатай бүтээгдэхүүн олно гэдэг хүнд. Заримдаа хоёроос илүү талх ч авч болохгүй үе гарна. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахын тулд иргэд нь олон километр үргэлжилсэн дараалалд зогсох хэрэг гарна. 2019 онд Засгийн газар нь нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрөө зогсоож, хүн амдаа хий, цахилгаан, ус, хоолны давсыг нь үнэ төлбөргүй өгдөг байснаа больжээ. Албан бус мэдээллээр Туркменистанд ажилгүйдлийн түвшин 60%-тай байдаг гэлцдэг. Элдэв цензур, эдийн засгийнх нь уршгаар иргэдийнх нь зарим хэсэг нь улсаасаа дүрвэжээ. Янз бүрийн мэдээллээс үзэхэд энэ улсын хүн амын 1/3 нь цагаачилж гарсан гэнэ. Ийм байхад Туркменистаны Ерөнхийлөгчийн хөгжөөх арга хэмжээнд оролцож байгаа мэдээ инээдтэй төдийгүй гунигтай харагдах нь зүйн хэрэг биз ээ.
iz.ru
8 comments
Battulga, Hvrelsvh 2 bas enenii araas oroh ni dee
Hutsaa ch tembuutei tojigo chin.
Putting duuraisan humuus maid ch adil
манайд 76 алиайлагч байдаг
Marzan shaar uu gui uu Yg l noid Solongos bna daa kkk Umnuh erenhiilugch n Turkan bash gej bas neg marzan shaar baisan kkk E Battulga bas iim marzan um uzuulne shuu kk ES Topor ch bas kkk
ээ хошин шог байна шдээ яаана даа
Ёоо хахаха үлгэрийн баатар байна шдээ хойд солонгос цаашаа юм байна
Театрт ажиллаж байх естой хvн байна шдээ ээ хеерхий