АНУ-ын Ерөнхийлөгч Трампын захиргаа нь Нидерландын компанийг Хятадын бичил электроникийн үйлдвэрлэлд зориулан өндөр нарийвчлалтай төхөөрөмж нийлүүлэх гэж байсныг болиулсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.
2018 онд Нидерландын “ASML” компанийг Хятадын компанид хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулсан хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж зарах зөвшөөрөл олгосон байжээ. “EUV” гэж нэрлэгддэг энэхүү технологийг ашиглан хагас дамжуулан интеграл схем үйлдвэрлэх төхөөрөмжийг Хятадад зарах гэж байгааг Америкийн тагнуулын алба мэдээд удирдлагадаа мэдээлжээ. Дараа нь АНУ-ын холбогдох албаны хүмүүс энэ наймааг өөрсдөө хориг арга хэмжээ авч цуцлах боломжийг сар гаруй судалсан байна.
Мөн “EUV” технологийг Хятад улсад зарах зөвшөөрлийг цуцлуулахаар Нидерландын албаны хүмүүстэй дөрвөн удаа уулзаж хэлэлцээ хийжээ. Улмаар өнгрөгч оны 7-р сарын 18-нд Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег Вашингтонд албан ёсоор айлчлах үеэр нь зөвшөөрлийг цуцлуулж, наймааг болиулах асуудлыг дахин хөнджээ.
Ингэхдээ орчин үеийн гэгддэг технологийг Хятадын компанид шилжүүлэн өгснөөр учрах муу үр дагаврын талаар тагнуулын албаны тайланг Ерөнхий сайдад өгч танилцуулжээ. Элчин сайд болон эрх бүхий эрхмүүдэд шахалт үзүүлсний дараа Нидерландын тал “ASML” компанид өгсөн Хятад руу орчин үеийн төхөөрөмж экспортлох лицензээ сунгахгүйгээр шийджээ. Иймд Хятад руу ачихаар бэлдсэн 150 сая долларын үнэтэй төхөөрөмж Нидерландад үлдсэн байна.
“ASML” компани нь Хятадын худалдан авагчийнхаа нэрийг хэзээ ч дурьдаагүй ч “Nikkei Asian Review” сонин худалдан авагч нь Хятадын “Semiconductor Manufacturing International Corp” (SMIC) гэж мэдэгдсэн юм. Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу Хятад руу экспортлох гэж байгаа бүтээгдэхүүн дэх эд ангийн 25 ба түүнээс дээш хувийг АНУ-д үйлдвэрлэсэн тохиолдолд АНУ нь ийм бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл авахыг шаардах эрхтэй гэнэ.
Иймд АНУ-ын Худалдааны яам нь “ASML” компанийн бүтээгдэхүүнд аудит хийж шалгахад энэ дүрмийг ашиглах боломжгүй болох нь ойлгомжтой болжээ. Үүнээс болоод Нидерландын албан хүмүүстэй дөрвөн ч удаа хэлэлцээ хийж, эцэст нь арга буюу Ерөнхий сайдад нь тагнуулын тайлан дүгнэлтээ танилцуулж байж наймааг зогсоосон нь энэ аж. Иймд АНУ-ын Худалдааны яам нь цаашдаа “ASML”-ийнх шиг орчин үеийн тоног төхөөрөмжтэй холбоотой зарим тохиолдолд дээрх 25 хувийн босгыг бүр багасгах боломжийг судалж байгаа аж.
Сонирхолтой нь, 2019 оны дөрөвдүгээр сард “ASML” компанийн АНУ дах салбарын шинжлэх ухаан судалгааны хэлтэст ажиллаж байсан өндөр албан тушаалтай хүмүүс компанийн нууц мэдээллийг Хятадын “XTAL” компанид дамжуулж, “ASML” компанид олон зуун сая еврогийн хохирол учруулсныг компанийн хамгаалалтын алба илрүүлсэн тухай Нидерландын “Het Financieele Dagblad” сонин мэдээлж байжээ. Хятадын “XTAL” компани нь хулгайлсан мэдээллээ ашиглан “ASML” компанийн бүх том үйлчлүүлэгчдийг өөртөө татах гэж оролдсон ч бүтэлгүйтэн 2018 онд дампуурлаа зарласан аж.
Харин энэхүү “XTAL” компанийн үүсгэн байгуулсан толгой компани нь “Dongfang Jingyuan” гэдэг өөр нэг компани байсан гэж “Het Financieele Dagblad” сонин мэдээлж байсан. Улмаар “Dongfang Jingyuan” компани нь Хятадын шинжлэх ухаан ба техникийн яамтай нягт холбоотой ажилладаг, бичил электроникийн зах зээл дээр Хятадын байр суурийг бэхжүүлэх зорилгоор Хятадын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг гэж бичиж байсан юм.
Гэсэн хэдий ч “ASML” компани нь тухайн үедээ дотоод мөрдлөг хийгээд Хятадын Засгийн газар мэдээлэл хулгайлахад оролцсон гэх нотолгоо илрүүлээгүй гэж мэдэгдэж байсан юм. Ингээд зогсохгүй 150 сая долларын үнэтэй хамгийн орчин үеийн төхөөрөмжөө нийлүүлэх боломжгүй болсон ч “ASML” компани нь экспорт хийх зөвшөөрөл авах хүсэлтээ дахин явуулсан гэж байна.