Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дахь сайжруулсан түлш борлуулах 359 цэгт хийсэн шалгалтаар зарим хэсэгт нь хангамж хүрэлцээгүй байгааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүрэгт түлшний хангамж хүрэлцээ байсан бол Баянзүрх, Сонгинохайрханд шахмал түлш борлуулах 30-40 цэг нүүрсгүй, өдөртөө дуусдаг 50-60 цэг байгааг тогтоожээ.
Энэ талаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэд шахмал түлш хэрэглэж сурсан байна. Харин иргэдийн захиалсан түлш хугацаандаа ирдэггүй, өдөртөө дуусдаг, зарим цэгт түлш байдаггүй талаар гомдол ирүүлсэн. Түүнчлэн иргэд шахмал түлшний угаарын хийд хордох дуудлага багассан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн төвд угаарын хийд хордсон найман дуудлага ирсэн.
Дуудлага өгсөн иргэдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгсөн. Насанд хүрсэн нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна” гэлээ. Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид болон НМХГ, НОБГ-ын шалган нэвтрүүлэх долоон товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд дээрх товчоодоор 33 тээврийн хэрэгслээр 993 тонн нүүрс авчирсан бол зөвшөөрөлтэй байгууллагууд 2136 тонн нүүрс хот руу оруулжээ. Зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй байна.