Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Архивын газрын даргаар томилогдсон Б.Баатархүү болон нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдсон Р.Батрагчаа нарын товч танилцуулгыг уншиж сонордуулав.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оныг “Нэг хот-Нэг стандарттай хот болгон зарлах тухай” А/01 дүгээр захирамжийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм.
Мөн хуралдаанаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2019 оны сүүлийн 14 хоногт Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал болон 2019 онд хийгдсэн шуурхай зөвлөгөөний ирц, гүйцэтгэлийн тайлангийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнгөрсөн онд нийт 22 удаа зохион байгууллаа. Үүнээс өргөтгөсөн хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна. Нэг жилийн хугацаанд Хотын захирагчаас 350 үүрэг даалгаврыг өгснөөс нийт гүйцэтгэл 91.7 хувьтай хэрэгжлээ.
2018 онд Хотын захирагчаас нийт 191 үүрэг даалгаврыг өгч байсан бол 2019 онд 350 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулж ажилласан нь өмнөх жилийнхээс нэг дахин өссөн үзүүлэлттэй байна” хэмээн онцоллоо.