Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд шийдвэрлэлгүй, өмгөөлөгчийнх нь гаргасан шүүгчээс татгалзах саналыг хүлээн авсан билээ. Улмаар энэ сарын 3-нд тус шүүхэд шинээр томилогдсон шүүгч хэлэлцээд ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг суллав. Ингэхдээ цагдан хориулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байна гэсэн үндэслэл гаргасан юм. Хахууль авсан нь баримтаар нотлогдоод байхад шүүгч ийн дүгнэсэн нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгчид авлигатай тэмцэх иргэний зориг, хуульчийн ёс зүй, ухамсар үгүй гэхэд хилсдэхгүй нь.
Зөвхөн шүүгчийн эл үйлдлээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь цагдан хорих үндэслэл амьдралд нийцээгүй нь авлигачдын гэмт үйлдлийг өөгшүүлж байгаа юм.
ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20 000 юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан баримт нь хангалттай байгаа.
Харин түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай юм орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн зарим хэвлэлд тодотгосон юм. Яамны эх сурвалжуудын өгүүлснээр “Хятадууд Х.Оргил-Эрдэнийн өрөөнд нэлээд удаан сууж ярилцаад боодолтой мөнгөө өгөөд гарч явсан. Өмгөөлөгчийнх нь яриад байгаачлан гарч зугтсан зүйл байхгүй” хэмээв.
ЗТХЯ-нд хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдал байнга гардаг бөгөөд хамгийн сүүлд Х.Оргил-Эрдэнэ үйлдэл дээрээ баригдсан бол өмнө нь түүний удирдах албан тушаалтан болох тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, хэрэг нь хэзээ мөдгүй шүүхэд шилжих гэж буй билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
1 comment
NAAD SHUUGCHIN ABILGA ABCHIHSAN VM BISHUU.HAMTAD NI HORIH HEREGTEI NOBSHIIG.VAJ STEBERSHIH BE MONGOLIIN SHUUHIIN ABILGA.