Бид сэтгэл зүйн болон оюун санааны дархлааны тухай асууж байна. Учир нь анагаах ухааны хөгжил аль хэдий нь биеийн дархлааг хамгаалах, сайжруулах олон аргыг олчихсон. Барууны судлаачид сэтгэл зүйн дархлааг хэдий нь судлан, практик дээр ажиллаж эхэлсэн. Тэдгээр судлаачдын нэг сэтгэл судлаач доктор Ж.Д.Стони /Joshua David Stone/ биеийн дархлаанаас гадна сэтгэл зүй, оюун санааны дархлаа сайн байх нь хүний оюун санаа, сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийг хамгаалж чадна үзжээ. Гэтэл сэтгэл зүйн болоод оюун санааны дархлаагаа хүмүүс бараг анхаардаггүй. Магадгүй зарим хэсэг энэ тухай огт мэдэхгүй. Тэгэхээр юуны өмнө эдгээр ойлголтыг тодорхой болгоё.
Оюун санааны дархлаа хувь хүний төдийгүй улс үндэстний хувьд ач холбогдолтой. Оюун санааны дархлаа сайн байна гэдэг нь тухайн хүний, ард түмний итгэл үнэмшил, үзэл санаа, хандлага тогтвортой байна гэсэн үг. Мэдээллийн эрин үед амьдарч байгаа хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшилийг өөрчлөх, нөлөөлөх амархан. Ялангуяа, бусдад нөлөөлөхөд сэтгэл судлалын ололт амжилт гол түлхүүр болох нь бий. Зигмунд Фрейд, Маслоугийн онолыг маркетинг, эдийн засгаар сурч байгаа оюутнууд яагаад судалдаг гэж бодож байна. Учир нь Фрейд тамхины борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүссэн нэгэн бизнесмэнд эмэгтэйчүүдэд “эрх чөлөөний бамбар бариулах” сурталчилгаа хийхийг зөвлөж, эрх чөлөөт улс оронд тамхины борлуулалт нэмэгдсэн. Маслоугийн хэрэгцээний шатлал байгууллагын үйл ажиллагаанд хэзээд ач холбогдолтой байна гэдэгт сэтгэл судлаачийнхаа хувьд бүрэн итгэлтэй байна. “Зөв арга”-аа олчихсон үед олон нийтийн оюун санаа, сэтгэл зүйд нөлөөлөх цаг хугацааны л асуудал. Тиймээс оюун санаа, сэтгэл зүйн дархлаагаа сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Оюун санааны дархлааг хамгаалах, сайжруулахад тухайн үндэстэний соёл хамгийн сайн хамгаалалт болдог. Энд соёл гэдгийг үгийг дээл хувцас, гал тохих ёс зэрэг явцуу утгаар биш, илүү өргөн утгаар нь оруулсаныг сануулъя. Соёл гэж яг юуг хэлээд байгааг маань мэдэхийг хүсвэл философийн номноос энэ ойлголтын тухай уншаарай. Харин мэдлэг бол хувь хүний дархлаагаа сайжруулах үндсэн жор нь. Олон талын мэдлэгтэй болж, улам бүр хичээнгүйлэн судал. Мэдлэгтэй хүн бусдын үгээр буруу зүйл хийхгүй. Мэдлэгтэй хүн хаана ч амьдарч чадна. Амьдрах чадвартай байна гэдэг их чухал шүү. Жинхэнэ мэдлэгтэй хүн уншихаас гадна, уншсан зүйлээ ашиглах, хэрэгжүүлэх ёстойгоо мэддэг юм.
Хэдийгээр шинжлэх ухааны судалгааны аргаар судалж, тусгайлан нэр томъёо өгөөгүй ч манай ардын ажигч чанар “Уур биеийг зовооно, Уул морийг зовооно” хэмээн зүйр үгээр хойч үедээ өөрсдийн мэдлэгийг өвлүүлсэн байгаа нь гайхалтай. Чухам эндээс л бие болон сэтгэлийн холбоог ойлгож болно. Маш олон судалгааны үр дүнгээс сэтгэл санаа тогтворгүй, амьдралаас баяр баясал авч чаддаггүй хүмүүс өвчин тусах магадлал өндөр байгааг харж болно. Хүний бие махбод, сэтгэл зүй, оюун санааны дархлаа харилцан холбоотой. Сэтгэл зүйн дархлаа сайн байх тусам биеийн дархлаа сайн байгааг олон судалгааны үр дүнгээс харж болно. Тухайлбал, Лондонгийн их сургуулиас явуулсан судалгаагаар огцом уурлах нь зүрхний асуудалтай хүмүүст аюул учруулж болзошгүй нь илэрсэн байна. Судалгааны явцад 600 орчим хүн зүрхний шигдээс болж эсвэл ангин нь хүндэрчээ.
Сэтгэл зүйн дархлаа бол сэтгэлийн хат. Уян хатан байх, дасан зохицох чадвар нь үүнийг бүрдүүлдэг. Энэ дархлаа сайтай хүн амархан уурлаж, сэтгэлээр унан, цөхөрч, стресст орохгүй, хэр барагтаа өвдөхгүй. Эрүүл амьдралын хэв маяг, позитив буюу өөдрөг байдлыг нэмэгдүүлэх алхамууд танд сэтгэл зүйн дархлаагаа сайжруулахад тусалж чадна.
Эх сурвалж: www.allowcopy.com