Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан байдаг.
Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 24-нд тохионо.
Тиймээс насны хишгийн талаар Хөдөлмөр халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас мэдээлэл авлаа.
Тэрбээр “65 нас хүрч буй ахмадууд харьяа дүүрэг, сум, аймгийнхаа нийгмийн халамжийн ажилтанд иргэний үнэмлэхээ авч очин бүртгүүлснээр насны хишиг авах эрх нь нээгдэнэ.
Цагаан сарын өмнө болзлоо хангасан бол баярын өмнө насны хишгийн мөнгөө авна. Хуучин авч байсан ахмадуудын хувьд нас нь нэмэгдвэл программ дээр автоматаар нэмээд явчихна.
Насны хишгийг Төрийн, Хаан гэсэн арилжааны хоёр банкаар олгодог.
Энэ жилээс насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбож өгч байгаа. Ингэснээр банкан дээр очиж дугаарлаж зогсох шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойрхон аль ч банкны салбараас насны хишгийн мөнгөө авах боломжтой.
Өөрөөр хэлбэл, Хаан банкны данстай ахмадууд Хаан банкан дээрээ очоод хүсэлтээ гаргаж өөрийн дансандаа насны хишгийн дансаа холбуулах юм” хэмээн тайлбарлалаа.
Насны хишгийн хэмжээ:
- 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
- 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
- 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм.
Журам:
- Гадаадад оршин суугаа иргэний Насны хишгийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.
- Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ.
- Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй.
- Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгож байхаар тусгажээ.
Түүнчлэн арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.
ikon.mn