Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай асуудал шинэ оны эхний дуулиан болоод байна. ҮАБЗ-өөс Салхитын мөнгөний ордыг хөдөлгөөнд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гарсан талаар Сангийн сайд мэдээгүй байжээ. Энэ тухайгаа Твиттер хуудсаараа хуваалцсан байна.
Тэрбээр “@KhurelbaatarCh
Шинэ оны мэнд хүргэе. Таны асуултанд хариулъя. Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна. Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье. Хариу өгөхгүй удсанд уучлаарай, шинэ онд гар утсаа бага хэрэглэнэ гэж бодсон юмсан🤔” хэмээн жиргэсэн байна.
Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн байна. Ямартай ч тэтгэврийн зээлийг тэглэх асуудал нь Сангийн яам болон Монгол банканд гэнэтийн мэдээлэл байжээ.