Хүн дайрчихаад ослын газрыг орхин явсан жолоочийг илрүүлжээ.
Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 21:40 цагийн орчим Хан-Уул дүүрэг, Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явсан байна. Машинд дайруулсан иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас баржээ.
Тээврийн цагдаагийн албаны ЭЦХ-ийн алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 2020 оны 1 сарын 1-ний өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Осол гаргасан жолооч тухайн үед эрүүл байсан. Харин хохирогч зорчих хэсэг дээр хэвтэж байхад жолоочийн үүргээ биелүүлээгүй тойрч гарч явсан тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн тогтоож, хуулийн дагуу арга хэмжээг тооцно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч осолд холбогдсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй” байдаг гэв.
Осол гаргаад зугтсан жолоочид эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.
Эрүүгийн шинэчлэгдсэн хуульд:
27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах
1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
ikon.mn