Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд анх удаа орон сууц худалдан авсан, байшин барьсан, сургалтын төлбөр төлсөн хүмүүс хамрагддаг. Одоо хэрэгжиж буй хуулиар орон сууц худалдан авсан болон амины орон сууц барьсан татвар төлөгчид гурван жилийн хугацаанд гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг.
Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих татварын шинэ хуулиар орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгчид зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болсон юм. Гэхдээ энэхүү зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, байрны гэрчилгээ нь гарсан хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2019 онд байрны гэрчилгээ нь гарсан хүмүүс одоогийн хуулиар гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.
Мөн иргэдэд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлүүлдэг байсан. Тэгвэл Татварын хуулийн шинэчлэлээр дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.
Түүнчлэн татварын буцаан олголт авахад бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгажээ. Ингэснээр иргэд болон татварын албадын хооронд ялгаатай баримт бүрдүүлдэг гэсэн маргаан байхгүй болох юм. Үүнээс гадна бүрдүүлэх материалуудын төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс авах аж.
Тиймээс иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багасчээ. Харин иргэнд зөвхөн өөрт нь байх буюу зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авч хөнгөлөлтөд хамруулах юм байна. Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлснийг нотлох цахим төлбөрийн баримт (И-баримт) заавал байх ёстойг албаныхан хэлэв.
Буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн баримт материалыг жил бүрийн эхний өдрөөс хоёрдугаар 15-ны хооронд дүүргүүдийн Татварын албанд хүлээн авдаг билээ