Хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед ар араасаа хөврөх олон зуун мэдээллийн урсгалыг шүүн тунгаах нь анхаарал, тэвчээр, чадвар шаардсан хэрэг юм. Өнгөрч буй 2019 онд болж өрнөсөн үйл явдлаас шүүрдэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлсөн 10 үйл явдлыг Updown.mn сайт нэрлэж байна.
Нэг: Үндсэн хуулийн өөрчлөлт
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй хэлэлцэгдэж, дөрвөн удаа өргөн баригдав. Хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 100 хувийн саналаар батлагдсан юм. Ингээд Ерөнхийлөгчид өргөн баригдаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн өдөр буюу 2019 оны 11-р сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ёчлон баталгаажуулав.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон хэмээн хуульч, улстөрийн хүрээнийхэн дүгнэсэн. Нийгэм ч үйл явдлыг эерэгээр хүлээн авлаа.
Ийнхүү Монголын ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад бусад дагалдах хуулиудад нааштай өөрчлөлт гарна гэдэг итгэлтэйгээр шинэ онтойгоо золгож буй. Шийдвэр гаргагчид сэтгэл гаргаад улс орон, ард иргэддээ хэрэгтэй бодлого боловсруулж, ирээдүйгээ харсан шийдвэр гаргаж чадах юм байна гэсэн итгэлийн гэрлийг нийгмийн сэтгэл зүйд асааж өглөө.
Хоёр: Сургуулийн автобус
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн.
Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчлэх болсон юм. Ийнхүү сургуулийн хүүхдүүд амар тайван, аюулгүй зорчих болсон нь нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж буй, таатай үйл явдал болов.
Гурав: “Чингис хаан одон”-той The Hu” хамтлаг
2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлаг Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд “Чингис хаан” одон хүртлээ.
Эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй залууст ийнхүү “Чингис хаан” одон олгосон явдал нь нийгмийн сэтгэл зүйлд эерэг нөлөө үзүүлж, хүмүүсийн ухамсарт ажил мэргэжилдээ үнэнчээр, өв уламжлалаа хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлж чадсан нь үнэлэгдэх цаг ирсэнийг харуулав.
Дөрөв: Утаагүй түлш
Сайшруулсан шахмал түлшийг 2019 оны намраас нийслэлчүүд хэрэглэж эхэлсэн. 10 сараас эхлээд л утаан дундаа төөрчих шахдаг байсан нийслэлчүүдийн хувьд утаа эрс багассан нь мэдэгдэж буй. Дулаан учраас утаа бага байгаа юм гэх нийгмийн шүүмжлэгч нэг хэсэг байсан ч идэр 9 эхэлсэн энэ цаг үед утаа эрс бага байгаа нь иргэдийн нүдэн харагдаж буй.
Утаагүй түлшийг хэрэглэж байгаа иргэдийн хувьд ч ам сайтай байгаа. Ямартай ч урд яваа машин нь хүртэл харагдахаа байдаг байсан нийслэлийн өтгөн утааг сайжруулсан түлш шийдчихсэн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бага зэргийн алдаа дутагдлаа засаж сайжруулаад цааш явах ёстой гэдэг сэтгэхүй нийгмийн сэтгэл зүйлд аль хэдийн бий болжээ. Улс орны ирээдүйтэй холбоотой аливаа шийдвэрт хүлээцтэй хандаж, сайн мууг нь тэнцүүлж чаддаг болж байгаа нь нийгмийн сэтгэл зүйлд гарч буй эерэг өөрчлөлтийн нэг юм.
Энэ жилийн тухайд улс төрийн намууд шахмал түлшийг улс төрийн сэдэв болгох гэж мөн ч их үзлээ. Зон олны нам гэгч шахмал түлшийг сонгон авч хэвлэлийн хурал хийв. Гэвч хэвлэлийн хуралд хоёроос илүү сайт очоогүй бөгөөд хурал зарлагч эрхэм “Утааг үүнээс илүү бууруулах боломж байсан. Бид У.Хүрэлсүхийн оронд байсан бол” гэсэн яриагаар хурлаа төгсгөжээ. Улс төрийн ашиг хонжоо хайсан мэдээ мэдээллээс нийгмийн сэтгэл зүй зайлс хийх болсныг энэхүү үйл явдал гэрчлэх шиг.
Тав: Оюун ухааны спортынхон
Монголын нэр хүндийг дэлхийд өргөж, тэмцээн уралдаанд гаргаж буй амжилтуудаараа нийгмийн сэтгэл зүйдээ эерэг нөлөөллийг үзүүлж буй тамирчид бол яах аргагүй Оюун ухааны спортынхон. Тэдний амжилт жил ирэх тусам ахиж, дэлхий тэднийг магтан сайшааж, Монголчууд бахархалтайгаар баярт мэдээг нь тэсэн ядан хүлээж байдаг.
Оюун ухааны академинхан 2019 онд олон улсын болон тив дэлхийн 4 тэмцээнд оролцов.
Тэдний амжилтийг дурьдвал:
2019 оны 8 сард: БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао-д зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд багаараа аварга болов.
2019 оны 10 сард: Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Ази тивийн гурван удаагийн аварга болов.
2019 оны 12-р сард: БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа Олон улсын холбооны дэлхийн аварга болов.
2019 оны 12-р сард: БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа дэлхийн холбооны дэд аварга болов.
Оюун ухааны спортынон дээрх дөрвөн тэмцээнээс 12 цом 206 медаль хүртэж, 12 дэлхийн рекордыг эвдсэн амжилтаар шинэ онтойгоо золгож байна. Тэдний медаль өнөөдрийн байдлаар 1077 хүрчихээд байгаа бөгөөд 1000 дахь медалиа энэ жил авчээ. ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 1000 дахь медалийг “ХУРДНЫ ХӨЗӨР” төрөлд 19.072 секундэд тогтоон алдаагүй санаснаар алтан медалийн болзол хангаж эх орондоо авч ирж байна.
Нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, оюун ухаанаа олон улс, тив дэлхийд бишрүүлж буй оюун ухааны спортынхондоо амжил хүсье.
Зургаа: ЖДҮ олгох зарчмыг нээлттэй болгосон
ЖДҮ бол ард түмнээр хаяглах ёстой сан боловч УИХ-ын гишүүдээр хаяглагдах болоод буй нь нийгмийн сэтгэл зүйд том цохилт болсон юм. Гэхдээ тэд алдааг залруулсан. 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ХХААХҮ-ийн сайдын 119-р тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг батлав. Ингэснээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох зарчим нээлттэй ил болсон юм. Тодруулбал, журмын төслийн 13-т Ил тод байдлыг оруулсан өгсөн юм. Ингэснээр ЖДҮ эзэндээ очих суурь тавигдаж, нийгмийн сэтгэл зүйлд нааштай өөрчлөлтийг бий болгож буй.
Долоо: Өдрийн сонины уриалга
Хэвлэл мэдээллийн байгууллага, түүнд ажиллаж буй сэтгүүлчид бол нийгэмдээ асар их үүрэг рольтой оролцогч байдаг. Тиймээс Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг нэн тэргүүнд бодож, үйл ажиллагаандаа ёс зүйн зарчмаа мөрдлөг болгон ажиллах учиртай.
Өдрийн сонин үүрэг хариуцлагаа ухамсарлан, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчдэд “ Хар тамхинд холбогдсон алдартнуудыг мэдээллийн бүх хэрэгслээр гаргахыг хориглоё” хэмээн уриалсан юм.
Уриалгадаа: “Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчид ээ! Бүгдээрээ улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжигч, сурталчилагсад байхаа өнөөдрөөс эхлээд зогсооё. Энэ уриалгыг уншиж суугаа таны хажууд, хаалганы чинь цаана, ажлын чинь үүдэнд, цайны ширээний чинь дэргэд хар тамхичид зогсож байж ч мэдэх нь.
Нийтлэл, нэвтрүүлэг дууссаны чинь дараа нөгөөдөхөө барьчихсан хар нүдний шилтэн хажууд чинь “Татах уу” гээд зогсож байж ч мэдэх нь. Наад “од”-ууд чинь нэг харсан таны хүү, охиныг чинь, ах дүүс, анд нөхдийг чинь дагуулчихсан, мансууруулчихсан явж байвал та яах вэ… Ийм хүмүүсийг тэгвэл өнөөдрөөс эхлээд редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Үүнийг “Өдрийн сонин” уриалж байна” гэжээ. Энэ нь хэвлэл мэдээллйин салбарын нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл үзүүлсэн томоохон үйл явдлын нэг байлаа.
Найм: Сайтын холбооны ҮАБ-тай холбоотой уриалга
Цахим сэтгүүл зүйтэй салшгүй холбоотой нэгэн байгууллага бол Монголын сайтын холбоо юм. Тэгвэл энэ онд уг холбооны 10 жилийн ой тохиосон билээ. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэв. Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргасан юм.
1. Хүний эрхийг дээдлэх
1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах
1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах
1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх
1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах
1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах
2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах
2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх
2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх
2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах
3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих
3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх
3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах
3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих
3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах
3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах
Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна” гэжээ.
Ес: Өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компаны navigation системийг ашиглан 2019 оны 11 сарын 13нд ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүллээ. Энэхүү системийн давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай юм.
Ингэснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ахиж дэвшил гарч, нийгмийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлтийг бий болгов.
Арав: Цагдаагийн байгууллагын аянууд
Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан энэхүү аянууд нь нийгмийн сэтгэл зүйд мэдэгдэхүйц эерэг нөлөөллийг үзүүлээд байна.
Дээрх аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар гэмт хэрэг 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан талаар цагдаагийн байгууллага тайлан мэдээндээ тусгасан байна. Түүнчлэн “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.
“Нэг хором” аян нь Эстони Улсын Таллин хотод зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, “Яараад яахав дээ” аян нь Unplug-ийн нэг хэсэг болох “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсан байна.
Н.ЧИНЗОРИГ