Монголын улаан загалмай нийгэмлэг энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед ажиллах сайн дурын ажилтныг бэлтгэх мөн хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн ажилд оролцуулах зэрэг нийгмийн олон талт ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Өнөөдөр тус нийгэмлэгээс энэ онд хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархалаа илэрхийлэн “Баярлалаа” өдөрлөгийг зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талархал илэрхийлэх “Баярлалаа” өдөрлөгт 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны хүрээнд ажил үйлсдээ идэвхи зүтгэл гаргасан байгууллага, хувь хүмүүст шагнал гардуулсан юм.
Тухайлбал 13 байгууллага, хувь хүнд монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүндэт өргөмжлөл”-ийг гардуулсан бол “Энэрэнгүй үйлстэн”, “Шилдэг залуу” алтан медаль, МУЗН-ийн 80 жилийн ойн медаль зэрэг медалиар хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэн шагнаж урамшууллаа.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарын бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газартай манай байгууллага аймаг орон нутгийн түвшинд ч, үндэсний хэмжээнд ч өдөр тутам хамтын ажиллагаатай байдаг.
Энэ ч үүднээс 2019 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо анхдугаар чуулга уулзалт, “Өсвөрийн аврагч 2019″ улсын уралдаан, “Анхны тусламж амь нас аварна, тэмцээн зэрэг олон томоохон үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа хэмээн онцоллоо.
Дамшрамд дурдахад монголын улаан загалмай нийгэмлэг 2019 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос баталсан үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах “OCAC” үнэлгээнд оролцож, олон улсын гэрчилгээ гардан авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх үндэсний нийгэмлэг болсон амжилтаар 2019 оныг үдэж байна.
Онцгой байдлын ерөнхий газар