Он гарахтай зэрэгцэн АШУҮИС-ийн харьяа ЕБС-ын Ахлах сургуулийн сурагчдын эрхийг хөндсөн асуудал тулгараад байгаа бөгөөд эцэг, эхийн төлөөлөл энэ талаар манай редакцид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
АШУҮИС-ийн харьяа ЕБС (АШУҮИС Лицей) 2015 оноос бие даасан ахлах сургууль болон хичээллэж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургууль нь ЕБС-ийн 9-р анги төгсөгчдийг элсүүлэн 10, 11, 12-р ангиудад байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг төрийн өмчийн шинэ сургууль юм.
Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 4 дэх удаагийн элсэлтээ авч, бүлгийн тоо нэмэгдэн 10-р ангийн 2 бүлэг , 11-ийн 3 бүлэг, 12-р ангийн 2 бүлэг, нийт 7 ангиас бүрдсэн 200 гаруй сурагчийн бүрэлдэхүүнтэй болжээ. Сурагчдын хичээл АШУҮИС-ийн төв байр дээр ордог аж.
Сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдэд албан ёсоор мэдэгдэл хийлгүй сурагчдын хичээлийн байрыг нүүлгэх болсон нь эцэг, эх болон сурагчдын дунд асуудал үүсгээд байгаа юм. Хэдийгээр сурагчдын сурч боловсрох орчны сайжруулах үүднээс анги танхимын тохижилтыг хийж, нүүлгэн шилжүүлэлт хийж болох ч АШУҮИС Лицей сургууль төсөв мөнгөндөө баригдсан уу гэлтэй шийдвэр гаргасан нь олон эцэг эхийн бухимдал хүргэж байна.
Учир юу гэвэл Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АШУҮИС-ийн оюутны 3-р дотуур байрны хуучин барилгад Лицей сургуулийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагууд энэ ондоо нүүхгүй гэж байсан ч шийдвэрээ гэнэт тулган өөрчилсөн аж.
Сурагчдын эцэг эхийн зүгээс үүнийг эрс эсэргүүцэн сургуулийн захиргаанд ч тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ.
Тэдний зүгээс, Хүүхдийн оюун санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц эрсдэлт хүчин зүйлс хэт олширсон ийм нийгэмд өсвөр насны хүүхдийнхээ сургууль, анги хамт олон, багш нарыг солих нь өөрөө маш том эрсдэл байдгийг бид тооцож байсан ч танай Ахлах сургуулийн одоогийн байршил, хичээлийн орчин нь хамгийн их нөлөөлж бид хүүхдийнхээ хамтаар сонголт хийхэд хүргэсэн гэдгийг дуулгах нь зүйтэй гэж үзэж буй юм.
Үүнээс гадна удаан хугацаанд судлан, төлөвлөж байж орж ирсэн сургууль нь байршилаа солих, одоо байгаа орчноос нь дордуулсан сонголт хийх гэж буй талаар сонссон бүх сурагчид, эцэг эх, асран хамгаалгчид туйлын сэтгэл хангалуун бус байдалтай байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нарын хурал дээр хэлсэн Ахлах сургуулийн захирлын ярианаас сургуулийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хуучирч муудсан оюутны байр луу нүүлгэж магадгүй талаар бид мэдсэн. Гэтэл одоо эцэг, эхэд мэдээлэл өгөлгүйгээр 360 гаруй сая төгрөгийн засвар хийж, нүүлгэх ажлаа эхлүүлжээ. Үүний дагуу тухайн оюутны байрны орчин нөхцөлийг тус бүрийн мэдээлэл авах сувгаар судлахад тэр байр нь:
– барилгын хийц, бүтэцийн хувьд маш их хуучирч муудсан (ашиглалтын шаардлага хангахгүй), сургуулийн анги танхим байхгүй, зориулалтын бус,
– сурагчдын бие бялдрын хөгжилийг хангах биеийн тамирын заал байхгүй,
– урлаг гоо зүй, соёл хүмүүжилийн ажил явуулах урлагийн заал байхгүй,
– техник технологийн боловсрол олж авах компьютерийн лаборатори байхгүй,
– бясаа, жоомны нутагшсан голомттой, устгал хийсэн ч арилдаггүй,
– байр луу автомашинтай орох, гарах боломжгүй, эргэн тойронд олон байшингаар хүрээлэгдэж түгжигдсэн,
– байр луу явганаар хүрч очих, буцах зам харгуй, орчны гэрэлтүүлэг муутай, гэмт хэрэг, зөрчил ихээхэн бүртгэгддэг,
– автобусны буудал хүрэхийн тулд булан тохой ихтэй, аюултай (авто машины нарийн зам) замаар явахаас өөр сонголтгүй,
– агаар, хөрсний асар өндөр бохирдолтой,
-дөрвөн давхар барилгын нэг, хоёрдугаар давхарт засвар хагас дутуу хийсэн,
-барилгын ажлын талаар сонгон шалгаруулалт хийсэн, эсэх нь тодорхойгүй,
-дүүжин тааз хийсэн нь эрүүл ахуйн шаардлага хангана гэдэг нь эргэлзээтэй,
-нэгдүгээр давхартаа цэцэрлэг орох гэж байгаа нь ахлах сургуультай цуг нэг байранд байж боломгүй асуудал,
-завсар хийсэн гэх ангийг дотуур байрны гурван өрөөг нийлүүлж, хана нураасан нь аюулгүй байдлын эрсдэлтэй,
-тус байрны эргэн тойронд зочид буудал, баар байгаа нь хүүхдийн сурах идэвх, сонирхол, аюулгүй байдал эрсдэлтэй,
-тус байранд суух ёстой 300 гаруй оюутан хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй гэх мэт тоочоод баршгүй олон эрсдэл, асуудалтай байна.
Үүний сацуу сургуулийн захиргаанаас эцэг, эх, сурагчидтай байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3, 3.1, 3.2, 3.3, 3.4, 4.1, 5.1, 5.2 заалт хэрэгжихгүй байгааг тус ахлах сургуулийн долоон бүлгийн эцэг, эх болон сурагчид эсэргүүцэж байна. Эл байдлыг харгалзан үзэж, харилцан ойлголцолд хүрэхийн оронд АШУҮИС болон Ахлах сургуулийн захиргаанаас багш, сурагчдаа сүрдүүлж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нар сургуулийн байрыг нүүлгэхийг эсэргүүцэж байгаа илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулж нэгдэж байгаа аж.
Сургуулийн орчин бол сурагчдын хөгжиж боловсрох хамгийн чухал орчин. Гэтэл энэ мэтээр анхнаасаа сургуулийн зориулалтаар бус оюутны байрны зориулалтаар барьсан барилгад хүүхдийг оруулах нь стандартад хэр нийцэх вэ гэдгийг холбогдох албаны эрхмүүд анхааралдаа авах болов уу. Энэхүү барилгын доод хоёр давхарт л одоогоор засвар орсон байгаа аж. Орчин тохижилт муу ийм газар руу яаран сандран сурагчдыг нүүлгэх гээд байгаа нь ямар учиртай вэ.
Эцэст нь нэмж хэлэхэд, сургуулийн барилга бол сургуулийн л барилга. Харин оюутны байр бол оюутан амьдрах л байр байх ёстой.